Олон сая үзэгч сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу авьяастнуудын нэг бол Selena Gomez юм. Энэ гайхалтай уран бүтээлч 20 хүрээгүй насандаа дэлхий дахинд өөрийн авьяас чадлаараа гайхагдаж чадсан залуухан эрч хүчтэй хөдөлмөрч бүсгүй юм. Ингээд та бүхэнд залуу дуучин, жүжигчин бүсгүйн талаар товчхон танилцуулъя.
Selena Marie Gomez нь 1992 оны 7 сарын 22-нд АНУ-н Техас мужийн Grand Prairie хотноо мэндэлжээ. Охины аав Мексик гаралтай, харин ээж нь Итали гаралтай хүмүүс. Гэвч Selena-гийн эцэг эх түүнийг 5 настай байхад салсан бөгөөд түүнээс хойш ээж нь 2 дахь удаагаа гэрлэсэн ч тэрээр ээжийнхээ цорын ганц охин нь болж өссөн юм. Түүний Selena хэмээх нэр нь басхүү учиртай. Бяцхан охиныг төрөх үед нэлээд алдартай байсан Техно чиглэлийн дуучныг бодож эцэг эх нь түүнд энэ нэрийг өгсөн гэдэг.
Gianna бол түүний анхны том дүр
Selena-гийн авьяас чадвар бүр бага байхад нь л танигдсан ажээ. Анх 7 настай байхдаа “Barney болон түүний нөхөд” хэмээх АНУ-н 1-8 насны хүүхдүүдэд зориулсан телевизийн шоунд тоглож Gianna гэх нэрээрээ олонд танигдан тэндээс өөрийн жинхэнэ чадварыг олж нээсэн байна. Энэхүү цувралдаа 2 жилийн турш тоглосны дараа Selena том болсон тул шоунаасаа гарсан юм. Gianna бол түүний анхны том дүр байсан билээ. Хожим нь /2008 онд/ тэрээр People сэтгүүлд энэ талаар ярихдаа “Би бага байхдаа их ичимхий бүрэг хүүхэд байсан. Тэр үед би камер гэж чухам юу болох, тайзны засалт гэж ямар учиртай гэдэг талаар төдийлөн сайн ойлгодоггүй байж. Би Barney-аас бүх зүйлийн талаар суралцсан. Надад маш том туршлага болсон шоу” хэмээсэн байна.
Үнэхээр л энэ шоу түүний урлагийн гараа болсон маш том бүтээл байсан юм. Ингээд “Barney ба түүний нөхөд” цувралаас хойш түүний нэр алдар өсч урлагийн замнал тодорч эхэллээ. 2003 онд “Spy Kids 3D: Game Over” киноны жижиг дүрд, 2005 онд “Walker, Texas Ranger: Trial by Fire”, 2006 онд “Brain Zapped” зэрэг кино шоунд тус тус тоглож өөрийн авьяас чадвараа улам бүр таниулсан юм. 2006 онд оролцсон Brain Zapped хэмээх шоуныхаа дууг Selena өөрөө дуулж амьлуулсан нь түүний дуулах ур чадварыг давхар харуулж чадсан байна. Үүнээс хойш Disney Channel-с гаргасан 2 ч уран бүтээлд чадварлаг дүр бүтээж Disney-н залуу од болон гялалзах болсон юм. Гэвч зөвхөн энэ бүгдээр түүний нэр алдар тодорхойлогдсонгүй.
Түүний хамгийн нэрд гарсан уран бүтээл бол “Disney Channel”-ийн “Wizards of Waverly Place” хэмээх 106 анги бүхий цуврал байлаа. Энэхүү бүтээл тухайн үедээ жинхэнэ шуугианыг тарьж байсан бөгөөд 10 сая үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг хит болж чадсан юм. Хүмүүс Selena-ийн авьяасыг хүндэлж дараагийн Miley Cyrus хэмээн нэрлэж байв. Selena-г өөрөөс нь эгч авьяаслаг залуу одтой харьцуулсанд тэрээр үнэхээр нэр төрийн хэрэг гэж үзэж байжээ. Ингээд л тэр ямар ч эргэлзээгүй олон сая үзэгчдийн хайртай од, хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг кино цувралуудын гол баатар хүндлэл хүлээсэн эрхэм хүн болсон юм. Үүний дараагаар тэрээр хэд хэдэн уран бүтээлд тоглохын зэрэгцээ 2008 оноос дуучныхаа карьерийг дээшлүүлж нэр хүндээ улам бүр өсгөсөөр байлаа. Үүний нэг баталгаа бол Selena Gomez 2011 оны MTV Европын Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслолын Ажиллагааг хөтөлсөн явдал байлаа. Дэлхийн хэмжээний одууд цугласан энэхүү гайхалтай үдшийн арга хэмжээг хөтөлнө гэдэг хэн бүхэнд тохиогоод байх боломж биш. Жинхэнэ нэр төрийн хэрэг юм. Энэ бол түүнийг хэр өндөр түвшинд хүрсэн бэ гэдгийг тодоос тод харуулж байгаа хэрэг.
Selena Gomez-ийн хайр дурлал
2008 оны зун тэрээр Miley Cyrus-н хуучин найз залуу болох Jonas Brothers хамтлагийн царайлаг хархүү Nick Jonas-тай нэр холбогдсон юм. Nick Jonas тэр үед өгсөн ярилцлагадаа “Тэр бол гайхалтай охин. Түүнтэй болзсон ямар ч залуу үнэхээр азтай” гэсэн байна. Харин энэ үед хэмээх тэднийг тойрсон бяцхан шуугиан дэгдээд байсан юм. Үүнээс хойш 2009 оны 4 сард тэрээр алдарт Twilight киноны халуухан залуу Taylor Lautner-тэй нэр холбогдсон нь хүмүүсийн сонирхлыг нэлээдгүй татсан явдал байлаа. Тэдний Vancouver хотод хамтдаа хөгжилдөн явж байгаа зураг нь олонд ил болжээ.
Энэ үеэр Selena “Ramona and Beezus” киноны зураг авалтаар, харин Taylor Lautner “New Moon” киноныхаа ажлаар Vancouver хотод аялж байсан нь тэднийг ийнхүү дотносоход хүргэжээ. 16 настай 17 настай өсвөрийн одууд хамтдаа оройн хоол идэж, кино үзэн, хотоор зугаалах нь аргагүй л тохирсон хосууд мэт санагдаж байлаа. Гэхдээ энэ харилцаа тийм ч удаан үргэлжилсэнгүй.
Харин одоо бол Selena Gomez өөрийн жинхэнэ хайрыг олсон. Тэр бол Канадын залуу од дэлхийн дахинд танил болсон авъяаслаг дуучин Justin Bieber юм. Тэдний харилцаа 2011 оны 1 сараас эхэлсэн. Эхлээд залуу хосууд энэ талаар үгүйсгэж байсан юм. Тэрээр үүнийхээ талаар People сэтгүүлд өгсөн ярилцагадаа “Бид зүгээр л найзууд. Тэр үнэхээр хөдөлмөрч. Би түүнээр их бахархаж байна” хэмээсэн байдаг. Гэсэн хэдий ч тэдний харилцаа найз нөхөрлөлийн хүрээнээс давж одсон юм. Удаан хугацааны турш үгүйсгэж, няцааж байсны эцэст тэд өөрсдийн хайр дурлалаа олонд зарлаж одоог хүртэл хамтдаа аз жаргалтай байсаар байна.
Уйгагүй хөдөлмөрч, авьяас чадвартай, ухаалаг Selena Gomez олон хүмүүсийн хайр хүндлэлийг хүртэх бүрэн гавъяатай нэгэн. Дөнгөж 19 настай залуу бүсгүйг илүү олон амжилт хүлээж байгаа гэдэг нь эргэлзээгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Miley Cyrus, Selena Gomez hoyor chatsuu hoyulaa 92 oniih sh d :(