Алдартнуудын амийг авсан 2013 оны “Дэлхийн онцлох”-ууд

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

Дэлхий ертөнцийн сүр дуулиан энэ онд туйлдаа хүрсэн бололтой. Маргарет Тетчер, Нельсон Мандела, Уга Чавес нарын үхэл, Ромын папын албан тушаалаасаа татгалзах хүсэлт, Орост унасан солир. Эдгээрээс олон нийт алийг нь онцолсныг ВВС уламжиллаа.

Нэгдүгээр сар

Энэ жил үхлээр эхэлжээ. Тодруулбал будант Лондоны бүрхэг тэнгэрт нисдэг тэрэг тогоруутай мөргөлдөж, нисэгч, нэг зорчигч хоёр нь газар дээрээ амиа алдав. Хэдийгээр энэ ослоос болж олон хүн үхээгүй ч яах аргагүй анхааруулах дохио байсан гэж олон нийт үзжээ. Учир нь тэр өдөр маш олон хүн нисдэг тэргээр Лондон хотыг сонирхохоор хүлээж байсан ба өрнөөс ирсэн мянга мянга тогоруу ослын дараахан нисээд өнгөрчээ. Нэгдүгээр сард үүнээс өөр сэтгэл хөдөлгөм зүйл болоогүй ажээ.

Хоёрдугаар сар

Ромын Пап XVI Бенедикт эрүүл мэнд муудсан гэх шалтгаанаар албан тушаалаасаа татгалзав. Сая, сая католикуудын сэтгэлийг сэртхийлгэсэн энэ явдлаас болж хүмүүс 2013 онд чөтгөр дэлхийг эзэгнэнэ гэж айцгаав. Пап лам суудлаасаа буух хүсэлт гаргасан тохиолдол сүүлийн 600 жил гараагүй аж. Ингээд түүний хүсэлтийг ёсоор болгосны дараа Пап Фрэнсисийг томилсноор Ватикан дахин тэргүүнтэй болов.

Английн Лейкестер зогсоолын дороос олдсон археологийн олдвор шуугиан дэгдээлээ. Язгууртны бунхан гэж дүгнээд байсан энэ газраас Английн эзэн хаан III Ричардын цогцсыг олсон юм. Ричард хаан 1485 онд болсон их тулааны үед амь үрэгдсэн бөгөөд түүний бунхныг маш нууцалсан ч ийнхүү олджээ.

Орост унасан солироос болж 1000 орчим хүн гэмтэж бэртэв. Оросын Засгийн газар АНУ-ыг энэ явдалд буруутгасан ба НАТО-гоос агаар мандалд орж ирсэн солирыг тэсэлж, сарниулах гэсэн амжилтгүй оролдлого нь ийнхүү оросуудад гай болсон гэж үзжээ. Товчхондоо Ромын Папаас болж хилэгнэсэн тэнгэр галт бороо оруулсан гэж хүмүүс итгэсэн юм.

Гуравдугаар сар

Уго Чавес нас барж, Венесуэль улс уй гашууд автав. 14 жилийн турш төрийн эрхийг атгасан Уго Чавес хорт хавдрын улмаас бүтэн жилийн турш эмчилгээ хийлгэсэн. Гэвч түүний биеийн байдлын талаар ард түмэнд ташаа мэдээлж, цогцсыг нь харуулаагүйд уурласан сая сая венесуэльчууд жагсал цуглаандаа хүрсэн юм.

Гуравдугаар сарын бас нэг дуулиан нь Бэтмэнтэй холбоотой. Хар нөмрөг, нүдний халхаар өөрийгөө нуусан нэгэн этгээд Брэдфордын цагдаагийн газар руу дайран орж шуугиан дэгдээлээ. Дараахан нь түүнийг шүтэн бишрэгчид Лондоны гудамжинд карнавал зохиох шахав. Олон нийт Бэтмэнийг хамгийн зоригтой тэмцэгч гэж нэрлэсэн.

Дөрөвдүгээр сар

Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тетчер таалал төгссөн тухай дэлхий даяар мэдэгдэв. 87 настай байсан тэрээр Лондоны “Ритц” зочид буудалд буудаллаж байсан бөгөөд тархины цус харвалтаас болж шууд нас барсан гэж эмч нар үзжээ. Түүнийг оршуулах ёслолд англичууд тэр чигээрээ оролцсон гэхэд болно.

Үүнтэй зэрэгцэн дэлхийг түгшээсэн хэрэг гарсан нь Бостоны марафоны үеэрх террорист халдлага. Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэн юм. Энэ хэргийг үйлдсэн нэг этгээд газар дээрээ буудуулж нас барсан бөгөөд хоёрыг цагдаа нар шархдуулан баривчилсан.

Их Британид нийгмийн долоон давхарга бий болсон гэж ВВС зарласан нь олон улсыг шуугиулсан. Язгууртан, угсаа залгамжилсан баячууд, лордуудын эрх ашгийг дээгүүрт тавьж, энгийн иргэдийн амьдралыг хайхраагүй төр засаг эрх тэгш байдлыг хангах шаардлагыг ард түмний зүгээс авав.

Тавдугаар сар

Лондоны өмнөд хэсэг Вүүлуичд хүйтэн зэвсэгтэй этгээд хүмүүс рүү халдав. Энэ нь мөн хаант засаглалын бурангуйн хохирогч байсан гэж олон нийт үзжээ.

Зургаадугаар сар

Финландад хүүхдүүдийг эрх  тэгш байдлыг хангахын тулд Засгийн газраас нь шинээр гэр бүл бологсод, өрх толгойлсон ээжүүдэд унтах гудас, хоол хүнс, хүүхдэд шаардлагатай бүтээгдэхүүн бүхий хайрцаг бэлэглэж эхлэв. Энэ нь олон улсын шүүмжлэлийг дагуулж буй ч нийгмийн халамжийн олон хэлбэрээс хамгийн оновчтой нь гэж финланд эрдэмтэд үзсэн юм.

Долоодугаар сар

Жилийн хоёрдугаар хагас эхлэв. Дэлхий даяар орон сууцны үнэ өслөө. Их Британийн Засгийн газраас үнэ буулгах бодлого баримталж, улс даяар орон сууцны түрээс, худалдах үнийг буулгаж чадсан. Гэхдээ сарын сүүлчээр бүс нутаг бүрт бодлого харилцан адилгүй хүрсний жишээ болж, орон сууцны үнэ ялгаатай болжээ. Лордын танхимыг шүүмжлэх бас нэг сэжим ингэж гарч ирэв.

Найдугаар сар

Дэлхийн эрчим хүчний технологи нэг алхмаар урагшлав. Бразилийн зохион бүтээгчид хуванцар сав, ус, шилний хэлтэрхийг ашиглан, байгальд хоргүй аргаар гэрэл гаргах төхөөрөмж хийжээ. Үүнийг нь олон улсын томоохон үйлдвэрлэгчид худалдаж авах санал гаргасан ба өдгөө Латин Америкт өргөн ашиглагдаж байна.

Есдүгээр сар

Эрчим хүчний технологийн дэвшлийг харуулсан барилга Лондонд үүд хаалгаа нээлээ. Автомашины хуучин эд ангиар хийсэн энэ барилга эрдэмтдийн супер бүтээл болжээ.

Аравдугаар сар

Дарс хэрэглэгчдийн хувьд туйлын таагүй сар эхлэв. Дэлхийн худалдааны байгууллагын тайлангаас харахад дарсны эрэлт нийлүүлэлтээсээ хол давж, түүхий эдийн хомсдлоос болж үйлдвэрлэл саарч эхэлсэн гэнэ. Сүүлийн 40 жилд гараагүй энэ таагүй үзэгдлээс болж дарс тансаг хэрэглээ болох нь ээ.

Арваннэгдүгээр сар

Алдарт дуучин Иан Уаткинс бага насны хүүхдийг хүчирхийлсэн, садар самуунд уруу татсан хэргээр ял сонсов. Тэрбээр энэ бузар үйлдлээ бичиж компьютер, гар утсандаа хадгалсныг илрүүлсэн байна. Өдгөө 36 настай түүнд шүүхээс 35 жилийн ял оноожээ.

Арванхоёрдугаар сар

ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгчдийн бэлэг тэмдэг гэгддэг тэрээр уушгины өмөн өвчнөөр өөд болсон юм. Нельсон Манделаг оршуулсан өдөр өмнөд африкчуудын хувьд Үндэсний гашуудлын өдөр болов.

Энэ сард бас нэг эмгэнэлт явдал болсон нь “Fast & Furious”-ын од Пол Уокерын үхэл байлаа. Тэрээр амиа алдах үедээ Лос Анжелест байсан бөгөөд “Порще” загварын машинаараа хэт хурдтай давхиж явжээ.

Исландын цагдаа нар шатахай шингэн ашиглаж террорист халдлага хийхээр завдсан нэгэ эрэгтэйг буудав.

Британийн усанд сэлэлтийн тамирчин Том Дэли Youtube-д “Би найз залуутай. Яг үнэндээ охид намайг жаргааж чаддаггүй” гэсэн бичлэг үлдээж, бөөн шуугиан тарив. Өдгөө 19 настай, халуухан залуу гэгддэг тэрбээр Британийн тачаангуй залуугаар тодорч, охидын шүтээн болоод байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top