Ням гарагт Волгоградын төмөр замын буудалд дэлбэрэлт гарч хүний амь эрсдэж, нэлээд олон хүн шархдаж бэртсэн байна. Дэлбэрэлтийг амиа золиослогч нэгэн эмэгтэй үйлдсэн ба ирэх сарын 1-нээс 3-ны хооронд гашуудлын байдал зарлажээ.
Москвагийн цагаар 12:45-ын үед дэлбэрэлт гарсан тухай “РИА новости” мэдээллээ. Сүүлийн үеийн тооцоогоор террорист дэлбэрэлтээс болж 16 хүн амиа алдаж, 40 гаруй хүн хүнд ба хөнгөн зэргийн гэмтэл авчээ. Бага насны хүүхэд болон хшчний байгууллагын ажилтан амиа алдсан төдийгүй хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа юм.
Цагдаагийнхан өөрийгөө дэлбэлсэн террорист эмэгтэйг кавказ гаралтай Оксана Асланова байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Түүний нөхөр цэргийн хүчинд зүтгэж байгаад амиа алдсан төдийгүй, Оксанаг 2012 оны зургаадугаар сараас хойш эрэн сурвалжлаад байсан байна.
Волгоградын төмөр замын өртөө нь оросын өмнө зүгийн ихэнхи тээвэрлэлтийн гол цэг болсон газар юм. Уг вокзалаар өдөрт 3.5 мянган хүн үйлчлүүлдэг байна.
2011 оны 1 сард “Домодедово” онгоцны буудалд болсон террорист халдагын дараа Оросын ихэнх вокзал дээр төмөр илрүүлэгч суурилуулах шийдвэр гаргаж байсан. Зарим ажиглагчид энэхүү аргыг үр нөлөөгүй гэж үзсэн бөгөөд, террористуут вокзал руу нэвтрэхээс өмнө буюу үүдэн дээр өөрийгөө дэлбэлж, аюул учруулж болзлшгүй талаар анхааруулж байсан.
Волгоградын захирагчийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр энэхүү аймшигт явдалд амиа алдагсдын ар гэрийнхэнд нэг сая рубль олгохоор болжээ. Волгоградын газар нутагт 15 хоногийн хугацаатай өндөржүүлсэн хяналт тавсан байна.
Сэтгэгдэл ( 0 )