Дэлхийн брэндүүд 2014 оны загварыг тодорхойлов

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Тамирын хослолууд

Биеийн тамирын дасгалаас зайлсхийгчдэд нэг таагүй мэдээ дуулгахад 1980-аад оны “тамирлаг” хувцаснууд 2014 онд дахин гарч ирэх нь. Гэхдээ таатай мэдээ бас байгаа нь, эдгээр загвар DKNY, Louis Vuitton, Lacoste-гийн алтан гарт дизайнеруудын урласнаар загварын ертөнцөд эргэн ирсэн байна. Яг л 80-аад оны ретро. Урт суудалтай өмд, юбка, хүйс ил гаргасан спорт цамцны хослол.


Тэгш бус хэм

Хурц өнцөгтүүд, богино ирмэгтэй эсгүүр. Ялангуяа юбканы загварт ийм шийдэл тусах бөгөөд тэр чигээрээ геометрийн элдэв дүрслэлтэй байна гэж дизайнерууд шийджээ. Нью-Йоркийн Загварын долоо хоногт Викториа Бекхэм геометрийн ертөнцөөс ирсэн болов уу гэмээр харагдаж байсан нь энэ загвар хувцас сонголтод нөлөөлж эхэлснийг гэрчилнэ. Түүний урт даашинз төгс хэлбэртэй байсны дээр гурвалжин дүрст хээнүүд нь хязгааргүй үргэлжлэх мэт харагдаж байв.


Бөмбөгдөгч мэт хатагтай

2014 онд гэнэтийн тэсрэлт мэт хурц шийдлүүд ноёрхох нь ээ. Лондоны загварын долоо хоногт Жонатан Сандерсийн жигтэй гоо үзэсгэлэнг тодотгосон гадуур хувцаснууд шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ авав. Тансаг торго, ноосон утас, савхи, шир, олон өнгө, олон дүрслэл нэг хувцаст багтсан нь өнөө цагийн загварын өнгө төрх болж чадна гэж тэд үзжээ.


Альтернатив гутал

Өндөр өсгийт загвараас хэзээ ч гарахгүй. Гэхдээ л “Dries Van Noten”, “Proenza Schouler”, “Prada”-гийн платформ өлмийтэй, өндөр өсгийтүүд үеэ өнгөрөөж буй бололтой. Тэрний оронд юун дээр ч зохицох, эвтэйхэн үргэлж, зузаан ултууд загварын тайзнаа үзэгдэх нь олширлоо. Уг нь ийм гутлыг үзэмж муутай гэдэг ч загвар дандаа гоо сайхныг эрхэмлэх биш хааяа ч болов тохь тухыг илүүд үздэг дээ.


Бүгдэд ил тод

Хувцас өмссөн ч юм шиг, өмсөөгүй ч юм шиг. 2014 онд нүцгэн биеийн гоо сайхныг илэрхий харуулсан загварууд нас, хүйс харгалзахгүй ноёрхоно гэж байна. хэдийгээр ёс суртахуун, үзэл суртал, шашин шүтлэг гээд олон хаалттай тулгарах хэдий ч бүгдэд ил тод загварууд Helmut Lang, Max Mara, Christian Dior, Burberry-ийн шийдлүүдэд тусгагдсаныг үзвэл нудистын тухай ойлголт ч удахгүй өөрчлөгдөх бололтой.


Интернешнл омог

Ацтекуудаас африк омгууд хүртэлх өвөрмөц зан заншлыг шингээсэн загварууд Chloй, Missoni, Mary Katranzou-н коллекцуудыг бүрдүүлжээ. Өд сөд, арьс шир, ургамлын сүлжмэлүүд, цаанаа л нэг сүнслэг шийдэл кантри залуусын 2014 оны загвар болно.


Цагаанаас цагаан

Цагаан өнгийг сүйт бүсгүйчүүд л эзэмшдэг байсн цаг 2013 онтой цуг ард хоцров. Бүх зүйл цагаан, даашинз, гутал, цүнх, малгай бүгд цагаан. Хүссэн бүх зүйлээ цагаан өнгөөр бүрдүүлж болно гэж байна.


Металика

Элдэв гинж, зүүлт, ээмэгт дуртай хүмүүс хувцасныхаа хаанаас ч төмөр унжуулж болно гэж загвар зохион бүтээгчид үзэж байна. Гэхдээ мэдээж Prada-гийн тансаг хар даашинжны энгэрээс төмөр гархи гинж унжуулна гэсэн үг биш. Бас тэр төмөр зүүсгэл тань аль болох гялалздаг байх ёстой гэсэн шүү. Мөн гялалзсан, торгомсог материалаар урласан хувцас энэ загварыг төлөөлнө.


Толгой, хөлний төгс зохицол

Тансаг, цулгуй өнгөний зохицол. Үүнийг тансаг хувцасны брэндүүд хамгийн их онцолж байна.


Албан ёсны, гэхдээ албан бус

Найз залуугийнхаа цамцаар гангарч болно гэсэн үг. Ийм цамцыг ямар ч өмд, юбкатай хослуулах эрх бүсгүйчүүдэд нээгдэж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top