Путин өшөө авахаа амлав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин алан хядагчдын халдлагад өртөн бэртэж, гэмтсэн хүмүүсийг эргэж Волгоград хотын эмнэлэгт очжээ. Халдлагын улмаас амиа алдагсдын тоо 30-аас давсан талаар “Риа Новости” мэдээлсэн.

Одоо барууны ертөнцөд Путины энэ үйлдлийг олон янзаар дүгнэж байна. Яагаад гэвэл, Волгоградын халдлага угаас кавказуудын зүгээс Путинд барьсан шинэ оны бэлэг байсан. Тэрбээр алан хядагчидтай хэрхэн тэмцэх талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа бөгөөд салан тусгаарлах үзэлтнүүдтэй эртнээс нарийн тооцоотой хандаж ирсэн түүнд ямар нэг хэцүү төлөвлөгөө бий гэж барууныхан үзэж байна.

Ямартай ч, яаж гэдгээ мэдэгдээгүй ч алан хядагчдыг бууж өгтөл нь тэмцэх болно гэдгийг Владимир Путин хатуу анхааруулсан. Энэ анхааруулгынхаа дараа тэрбээр Волгоградад гэнэтийн айлчлал хийсэн нь энэ.

Эмнэлэгт очсоныхоо дараа Путин шууд хотын аюулгүй алба, цагдаагийнхантай уулзсан ба уулзалтын зарим хэсэг хаалттай болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Харин үүний дараа тэрбээр “Риа Новости”-д ярилцлага өгөхдөө “Волгоград хотод болсон алан хядах ажиллагаанд эрх баригчдын зүгээс ямар нэг тайлбар өгөх зүйлгүй. Энд дайн, гэмт хэрэг, хүчирхийлэл гарлаа. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг, энгийн иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт ямар тайлбар өгнө гэж. Үүнийг цагаатгах үндэс байхгүй” гэснийг барууны хэвлэлүүд онцолж байна.

Түүний талаар “Салан тусгаарлах үзэлтнүүдэд нуугдах газар үлдэхгүй нь”, “Алан хядагчид үнэт зүйлээ хамгаалан хэлэх зүйл байлгахгүй”, “Гэмт хэрэгтэнд шүүлгэх ч эрх үлдсэнгүй” гэх зэргээр бичиж эхлэв.

Нөгөөтэйгүүр Орост Чеченийн салан тусгаарлагчдаас илүү үзэл бодлоо ингэж ширүүнээр илэрхийлсэн нь үгүй болохоор гэнэтийн энэ цочрол Оросын жижиг үндэстнүүдийг хэлмэгдүүлж ч магадгүй гэцгээжээ. Хамгийн гол нь кавказ бүсгүйн үйлдсэн хэрэг гэж байгаа ч хариуцлагыг нь өөртөө хүлээх байгууллага өнөөдрийг хүртэл тодроогүй болохоор Путин нударгаас болгоомжилсон хэрэг гэж үзэж байна.

Оросын ард түмэн одоо Путинаас терроризмыг эцэслэхийг шаардаж байна. Энэ нь хоёр талтай гэнэ. Нэгдүгээрт, үүгээр далимдуулж Путин жижиг үндэстнүүдийг нам дарж авна. Хоёрдугаарт, түүний хатуу бодлого үндэстэн хоорондын мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэх шүүмжлэл Кремлд гарсан. Гэвч аль ч тохиолдолд үүний шанг салан тусгаарлах үзэлтнүүд л хатуугаар амсах нь тодорхой болов.

Владимир Путин террористуудад хандаж “Бид терроризмыг золиос болсон хүмүүсийн өмнө толгой бөхийн эмгэнэх ёстой. Харин дараа нь шийдвэртэй тэмцлээ эхлүүлж, тэдэнд цэг тавих хүртлээ ажиллах болно” гэсэн юм.

Одоо Сочид болох Өвлийн Олимпын үеэр харуул хамгаалалт хэрхэн чангарах нь тодорхой. Орос баавгайн савар хаана ч хүрнэ гэж шинжээчид хэлээд эхлэв. Ямар ч байсан Сочи дахь цэрэг, цагдаагийн хүчийг зузаатгаж, эхний ээлжинд тусгай бэлтгэлтэй 3000 цагдааг төвөөс татсан гэж “Итар-Тасс” мэдээллээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Равсал(103.26.194.90) 2014 оны 01 сарын 03

Оросууд оорсдоо бусдыг vргэлж дарамталдаг.

0  |  0
hunnu(103.26.194.162) 2014 оны 01 сарын 02

Ushuu avaltyn ushuu gedeg Mongol ug odoo heregleend mash sonin utga ilerhiildeg bolichihson shuu dee...balai oros ug mongol heliig gajig bolgoj bn...humuus eruusuu toohgui yumaa...

0  |  0
Top