Тохиролцож болно, бууж өгч болохгүй!

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

 

Оюутолгой төслийг урагшлуулахын тулд талууд хэлэлцээрийн ширээний ард хэдэнтээ сууснаас хойш хоёр ч он дамнасан байх юм. Арванхоёр оны аравдугаар сараас эхлэн хөрөнгө оруулагч Рио Тинто болоод Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээ эхэлсэн юм. Арвангурван оны сүүлчийн байдлаар авч үзэхэд өнгөрсөн хугацаанд ил гарган тавигдсан 30 асуудлын 21-ийг нь ойлголцлоо нэгтгэн шийдвэрлэсэн гэх мэдээллийг “Эрдэнэс Оюутолгой” компанийн зүгээс хэвлэлийнхэнд өгсөн байгаа. Анх тавигдсантай харьцуулахад шийдсэн асуудлын тоо нь давамгайлж байгаа ч, төслийг саадгүй урагшлуулахад жин дарах чухал асуудлууд нь шийдлээ хүлээсээр байгааг хэлэх хэрэгтэй. Албаны хүний хэлж буйгаар шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлууд дотор онц чухал нь ч байгаа, мөн төсөл хэрэгжих явцад шийдвэрлэгдэх нь ч байгаа гэж буй юм. Тэгэхээр мэдээж онц чухалуудад анхаарал хандуулахаас өөр аргагүй болж байна.  

 

Төслийн хувь заяатай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд далд уурхайн санхүүжилтийн асуудлыг  энэ оны эхний хагаст шийдэхээр хоёр тал төлөвлөсөн гээд байгаа юм. Хоёрдугаар үе шатны ажлыг эхлүүлснээр Монголын эдийн засаг эрсдэлээс ангид үлдэнэ гэх тайлбарыг хийх улстөрчид бий. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харвал далд уурхайн санхүүжилтийг шийдэх асуудлын гацаа эдийн засгийг энэ жилдээ хөлдөө чирчих нь гэдэгт нухацтай хандах хэрэгтэй байгаа юм.  Эргээд харахад 2009 онд дэлхий нийтээрээ эдийн засгийн хямрал болсонтой холбоотойгоор Монголын эдийн засгийн өсөлт ч гэсэн хасах үзүүлэлттэй буюу бууралттай гарч байсан бол 2010-2011 онд импортын барааны тоо хэмжэээний өсөлт 2009 оныхтой харьцуулахад даруй 2 дахин өндөр байдаг. Ийм өсөлтийн дийлэнх хувьд Оюутолгой төслийн бүтээн байгуулалт шууд нөлөө үзүүлсэн байдаг.  Тэгвэл энэ оны үзүүлэлт дээр ч гэсэн экспорт 67 хувиар өсөхөөр байгаа нь Оюутолгой компанийн  экспортлох бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс хамаарч байгаа.

 

Учир нь Оюутолгойн төслийн хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан ТЭЗҮ-ээр нийт 723 тонн зэсийн баяжмал гаргана,үүн дотор 188 мянган тонн цэвэр зэс, 24 тонн алт, 40 гаруй тонн мөнгө байгаа гаргах тооцоолол байгаа юм. Оюутолгой компаниас ийм мэдээллийг албан ёсоор бичгээр манай эрхмүүдэд өгсөн гэж байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход энэ оны төсөвт орж ирсэн тооцоололд ил уурхай, 100 хувь ил уурхай байгаа. Далд уурхай байхгүй. Далд уурхайн хувьд ТЭЗҮ-ээрээ бүр 2016 оноос байгаа учраас төсөвт тооцож оруулсан бүх тооцоолол батлагдсан ТЭЗҮ-ээрээ л яваа гэдгийг Сангийн яамны нөхдүүд хэлээд байгаа юм.


Тэгэхээр хоёр талын тулж суугаад шийдэлд хүрч чадахгүй байгаа есөн асуудал доторх онц чухал тодотголтой асуудлуудад хэрхэн хандахаа манай талын нөхдүүд нэмж тунгаахад гэмгүй болов уу. Рио Тинто групп хоёр дахь шатны төслөө санхүүжүүлэхийн тулд өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхийн 15 санхүүгийн байгууллагатай зээлийн урьдчилсан гэрээг байгуулсан. Тэгснээр Оюутолгой төслийн 2-р шатанд 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд асуудалгүй боллоо хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч тэдний зоргоор асуудлыг урагшлуулчихаар манай талд эрсдэлтэй байгаа талаар бид хэлж яриад өдийг хүрэв.  Рио Тинто эхний шатны төслийн санхүүжилт хэтэрсэн асуудал дээр өнөөдрийг хүртэл буулт хийгээгүй л байгаа. Бас менежментийн зардал, техникийн судалгаа гэхчлэн олон асуудлууд тов тодорхой хариу хүлээсээр арвандөрвөн онтой золгосон юм.

 

Мэдээж  “Рио Тинто”-гийн хувьд наанаа биш ч цаагуураа бол адган яарах шалтгаан бий. Учир нь өнөөх зээлийн гэрээ хийсэн банкуудаасаа энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр хүлээхийг хүсч, цаг авсан шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд манайхтай үндсэн тохироогоо хийх шаардлагатай бий учраас ч, талууд энэ оны эхний хагаст тохиролцоонд хүрнэ гэх мессэж гадагшлаад байгаа болов уу. Ямар ч байсан төсөл зогсох ёсгүй. Гэхдээ талууд хэн хэндээ ашигтайгаар урагшлах ёстой л юм бол тодорхойгүй асуудлуудаа тодорхой болгох хэрэгтэй гэдгийг дахиад хэлье.  “Оюутолгой” компанийн ТУЗ өнгөрөгч сард хуралдаад энэ оны үйл ажиллагааны төсвийг батлахдаа ойролцоогоор 1 тэрбум ам.доллар байна гэж тусгасан. Харин эхний шатны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгаанаа бүрхэгдүүлэн далдалсан хэвээрээ л байгаа юм. Уг нь Оюутолгой компанийн өнгөрсөн хоёр жилийн хөрөнгө оруулалтыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталж ирсэн бөгөөд  хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг тодорхой тайлбарладаггүй байсан юм. Тус компанийн зүгээс байр суурь илэрхийлэхдээ улирал бүрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох тайлан материалыг Татварын Ерөнхий Газар, Сангийн яаманд хүргүүлж тодорхой байлгаж ирсэн байтал, Оюутолгой уурхайг бүтээн байгуулахад оруулсан зардлын тухай зөрүүтэй мэдээлэл гараад байна гэж байсан ч, одоогийн нөхцөл байдал нь хэлж ярьж байгаагаас нь зөрж байгаа. Тэгэхээр талууд тохиролцоно гэдэг саар мэдээ биш ч, сайн ойлголцолгүйгээр нэг нь нөгөөдөө бууж өгвөл хойшид гарах үр дүн нь хэрхэх бол доо...


Э.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top