М.Ходорковский гэр бүлийнхээ хамт Швейцарьт гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 06

ЮКОС-ын тэргүүн асан Михаил Ходорковский шинэ жилийн өмнөхөн өршөөлөөр суллагдаж, улмаар Германд гэр бүлийнхээ хамт очоод байсан билээ. Тэгвэл өчигдөр Ходорковский эхнэр болон хөвгүүдийнхээ хамт Швейцарьт очсон байна.

 

Швейцарийн нэгэн хувийн дунд сургуульд хөвгүүд нь суралцдаг юм. Гэхдээ энэ нь Ходорковский цаашид Швейцарьт амьдарна гэсэн үг биш гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Ольга Писпанен хэвлэлд ярьсан байна. “Өнөөдөр /нэгдүгээр сарын 5/ Михаил Ходорковский Швейцарьт очсон. Түүнийг Швейцариас орогнол хүссэн, тэнд цаашид амьдарна гэх мэт мэдээлэл их түгсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш. Михаил Ходорковский Шенгений жирийн визээр Берлинээс галт тэргээр Швейцарьт очсон. Хөвгүүдээ эхнэрийнхээ хамт сургуульд хүргэж өгөх л гэж тэр тийшээ зорьсон” гэж Ольга Писпанен өгүүлжээ.

 

Ходорковскийг очсон даруйд Швейцарийн телевизийнхэн түүнд хандахад талархлаа илэрхийлээд, энэ удаад зөвхөн хувийн шугамаар ирснээ хэлжээ. “Хөвгүүдийн маань амралт дуусч, мөдхөн хичээлдээ эргээд орно. Бид хөвгүүдээ л сургуульд нь хүргэж өгөхийг хүссэн юм” гэж Ходорковский Швейцарийн SRF телевизэд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

 

Гэхдээ Швейцарь улсын удирдлага Ходорковскийн хэрэгт шударга хандахыг олон жилийн турш сануулж, түүнд эрх чөлөө олгох талд зогсож байсныг огт мартаагүй, үүнд нь талархаж явдгаа тэрбээр илэрхийлсэн байна.

 

Швейцарийн тал 2013 оны арванхоёрдугаар сарын 30-нд Михаил Ходорковскийд виз олгосон юм. Энэ визээр тэрбээр Шенгений бүсийн бусад орнуудад зорчих бүрэн боломжтой ажээ.

 

Болоргэгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top