Нэг л сэргэж өгдөггүй Евро бүс ээ гэж...

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Арван оноос эхлэн өрийн хямралын доороос  олигтойхон өндийж дийлэхгүй байгаа байгаа Евро бүсийн эдийн засаг арванхоёр онд 0.6 хувиар  унаж, хямралын доод цэгтээ хүрсэн юм. Харин өнгөрөгч онд хямралаас гарах явцдаа орно хэмээн шинжээчид таамаглаж байсан ч,  нөхцөл байдал сүрхий дээрдсэнгүй арвандөрвөн онтой золголоо. Грекийн өрийн хямралаас үүдэлтэй Евро бүсийн хямрал нь банк санхүү, төсвийн хямрал болж гүнзгийрээд байна. Тиймээс өнгөрөгч онд Европын төв банкнаас өрийн хямралтай  байгаа Грек, Португаль, Ирланд, Итали, Кипр  зэрэг орнуудын засгийн газрын бондыг  хязгааргүй хэмжээгээр худалдан авахад бэлэн  гэдгээ зарлаж, мөнгөний бодлогын хүүг 0.5  хувь болгон бууруулсны зэрэгцээ ОУВС, Европын комисс, Европын төв банкны зүгээс  төсвийн зардлыг огцом бууруулах хатуу нөхцөлтэйгээр дээрх орнуудад санхүүгийн  туслалцаа үзүүлэхээр болсон юм.

 

Эдгээр арга хэмжээнүүд нь санхүүгийн зах зээлийг тогтворжуулж, Евро бүсийн орнуудад хямд  өртгөөр хөрөнгө босгох боломж олгож байгаа хэдий ч, үүний хариуд төсвийн хатуу сахилга бат шаардагдаж байгаагаас цалин, тэтгэвэр тэтгэмж буурах, ажилгүйдэл нэмэгдэх, дотоод эрэлт багасах зэрэг сөрөг нөлөөллүүд гарсан юм. Үүний зэрэгцээ банкны салбарт олгож байгаа санхүүгийн нэмэлт эх үүсвэр нь эргээд бодит секторт зээл болж гарахгүй байгаагаас шалтгаалан Евро бүсийн эдийн засаг хангалттай сэргэж чадахгүй энэ онтой золголоо.

 

Тэгвэл эдийн засгийн шинжээчдиийн үзэж буйгаар Европын төв банкны хэрэгжүүлж буй бодлого нь Евро бүсийн эрх баригчдад хямралын эсрэг нэгдсэн арга хэмжээ авах, төсвийн хатуу сахилга баттай болох, улс төрийн нэгдсэн зөвшилцөлд хүрэхэд цаг хугацаа, боломж олгож байгаа бөгөөд цаашид цаг алдалгүй оновчтой арга хэмжээ авч чадсан тохиолдолд Евро бүсийн эдийн засаг 2014 оноос сэргэлтийг үзнэ гээд байгаа юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top