Бахрейн улсад төрийг шүүмжлэх нь эрсдэл дагуулдаг. 2011 оноос хойш үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй байсныхаа улмаас 13 хүн төмөр торны цаана хоригдоод байгаа аж. Улс төр, шашны хүрээнд тэд ардчилалд уриалж, авлига, хаант засгийг эсэргүүцэн эрх баригчдын эсрэг тэмцэхдээ тэд хүч хэрэглэж, хүчирхийллийг өөгшүүлээгүй юм.
Эдгээр залуусын ихэнхийг олныг хамарсан засгийн газрыг эсэргүүцсэн томоохон жагсаалын дараа гэрийг нь нэгжих үеэр баривчилжээ. Зарим нь эрүү шүүлтэнд өртсөн тухай, Ва”ад шашны намын удирдагч Ибрахим Шариф саатуулах газарт зодуулж, өшиглүүлж байснаа хэлжээ. Цэргийн прокурорт энэ тухайгаа ярихад түүнийг дахин зодож, заналхийлсэн аж.
Цэргийн шүүх шударга бусаар шүүн, сөрөг хүчний 13 идэвхтэнд 5 жилээс бүх насаар нь хорих хүртэл ял оногдуулжээ. Давж заалдах шатны шүүх ч тэдний ялыг нь хэвээр үлдээсэн байна. Тэд ийнхүү бүгд үзэл санаагаа илэрхийлснийхээ төлөө хоригдоод байгаа учраас олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагаас хоригдож буй сөрөг хүчний 13 идэвхтэн, тэдний гэр бүлд эв санааны нэгдлээ илэрхийлсэн захидал, ил захидал илгээхийг уриалсан байна.
Тухайлбал, хоригдож буй сөрөг хүчний 13 идэвхтнийг нэн даруй, ямарваа нөхцөлгүйгээр суллахыг уриалсан захидлыг Бахрейны эзэн хаанд илгээхийг санаачилсан байна. Түүнчлэн идэвхтнүүдтэй зүй бус харьцан, эрүүдэн шүүсэн хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )