С.Ганбаатар: Цалин тэтгэвэр нэмэх аргачлал төрийн нууц биш

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.  


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа боловч даатгалын компаниудын зарим асуудлыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Тодруулбал, даатгалын компаниуд малчдаас даатгалын мөнгө авахдаа их дуртай байдаг. Гэхдээ нөхөн төлбөр олгохдоо маш хойрго ханддаг тохиолдол гарч байсан. Тиймээс хуулинд энэ асуудлыг яаж зөв зохицуулах тал дээр тодорхой зохицуулалт хийх ёстой гэж бие даагчдын зөвлөл үзэж байгаа" гэлээ. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуульд тусгаснаар малчдыг даатгалд хамруулах, дан болон давхар даатгалыг тодорхой болгож өгсөн онцлогтой төсөл юм.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар энэ баасан гаригт Засгийн газрын цагаар хэлэлцэнэ.Нэмэгдлийг хэрхэн зохицуулах, ямар замаар, ямар үе шаттайгаар нэмэх аргачлалаа олон нийтэд тайлагнахыг Бие даагчдын зөвлөлөөс хэлж буй. Харин хэзээ нэмэх талаар нууцалж болно ямар аргачлалаар нэмэх нь төрийн нууцад хамаарах зүйл биш гэж бодож байна. Цагаан сарын баяр дөхсөн энэ үед өргөн хэрэглээний барааны зарим нь 33 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бидэнд энэ талаар судалгаа, тооцоо бий. Их бага хэмжээгээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байхад цалин,  тэтгэвэр нэмэх талаар тодорхой ойлголт алга. Тиймээс энэ баасан гаригт Засгийн газар тодорхой мэдээлэл өгөх байх гэж бодож байна" гэв. УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы баасан гаригийн хуралдаанаар цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаархи УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуулгад хариу өгөх юм байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Засгийн газраас алтны ил тод байдлын тухай хуулийн төслийг лобби орсон гэж буцаасан. Гэвч энэ хуулийн төслийг зүсийг хувиргаж, Ашигт малтмалын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулахаар оруулж ирж байна. Энэ хууль нь лобби орсон хууль гээд УИХ дээр унагасан байхад Засгийн газар дахиж оруулж ирж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top