Л.Болд сайдын бодлоготой айлчлал

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Гадаадад хийх шинэ оны айлчлалын салхийг Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-д хийж буй томилолтоороо хагалж байна.

БНХАУ-тай манай улсын харилцаа жилээс жилд сайжирч байгаа. Тэр дундаа боловсролын төвшинд улам илүү гүнгийрснийг дурдах нь зүйтэй. Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус улсад айлчилсан. БНХАУ-ын дарга асан Ху Жинтаогийн урилгаар ерөнхийлөгч 2010 оны дөрөвдүгээр сарын сүүлээр албан ёсны төрийн Дээд хэмжээний айлчлал хийв. Одоо ч Хятадын зорьж элдэв гэрээнд гарын үсэг зурах албаныхны цуваа тасрахгүй л байна.

Мөнхийн хоёр хөрштэй мөртлөө нэгэнтэй нь улстөр, эдийн засгийн харилцаа сайжирч нөгөөтэй нь муудаж байгаа нь эргээд ямар үр дагавар авчрах бол.

Бид яагаад “том ах” гэж авгайлдаг хойд хөрштэйгээ ийм “хөлдүү” харилцаатай болчихов. Энэ талаар Оросоос Монголд суугаа Элчин сайд асан В.В.Самойленко манай орны улстөрийн тогтворгүй байдал хоёр орны хооронд хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийг гацааж орхидгийг хэлсэн байна. Улстөрийн хүчин солигдох бүрт төрийн бодлого нь орвонгоороо эргэх дөхдөг нь гаднынханыг эмээхэд хүргэдгийг шулуухан хэлсэн байх юм. Одоогийн Монголд суугаа Оросын элчин сайд И.К.Азизов хоёр хөршийн харилцааг зэрэгцүүлж жишихэд тун ч дургүй нэгэн.

Ямартаа ч Монгол Улс урьд нь хоёр хөршдөө харьцангуй тэгш хандаж аль алиныг гомдоохгүй байхыг хичээдэг байсан бол өдгөө аль нэг улстай нь хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар нөгөө хөршийнхөө анхаарлыг татах бодлогын шинэ шатанд гарсныг илтгэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top