УИХ-ын даргын 2013 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болсон.
Хуралдаанаар НҮБ-ын төслийн санхүүжилтээр хийгдэж байгаа “Ардчилсан засаглалын институцийн хөгжил: Сургамж ба шинэтгэлийн санал” судалгааны явцын тайлан, УИХ-д өмнө нь өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг сонссон байна.
Судлаачдын баг тодорхой удирдамжийн дагуу ихээхэн цаг, хүч хөдөлмөр гарган ажиллаж шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, чиг хандлагыг Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын хэрэгжилттэй холбон зохих судалгаа, дүгнэлт хийснийг онцоллоо. Гэхдээ төрийн бодлогын баримт бичгийн үндэслэл болох учиртай эл судалгааны материалд үндэслэл муутай баримт, дүгнэлт, оновчгүй үг хэллэг, зарим талаар улстөржсөн, субьектив хандлагатай зүйл байгааг анхаарч, материалыг цэгцлэн боловсруулж ойрын үед ажлын хэсэгт танилцуулах чиглэлийг судалгааны багийнханд өгөв.
Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа эсэх асуудлыг хөндлөнгийн судлаачдын судалгааны үндсэн дээр нухацтай авч үзэж дүгнэлт өгөх, түүнчлэн 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар судлаачдын баг анхаарлаа хандуулах нь зүйтэй гэдгийг зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )