Гэндэн Цогням, 1989 оны дөрөвдүгээр сарын 25-нд Төвдөд төрсөн. Түүнийг 1995 оны тавдугаар сарын 14-нд Буддын шашны XI Банчин лам хэмээн Далай лам, Төвдийн Буддизмын тэргүүн хүлээн зөвшөөрч, дэлхий дахинд тунхагласан юм.
Гэтэл 1995 оны тавдугаар сарын 17-нд XI Банчин лам Гэндэн Цогнямыг БНХАУ-ын Цэргийн эрхтнүүдийн тушаалаар баривчилж хорьсон. Ийнхүү зургаахан настай хүү дэлхийн хамгийн залуу улстөрийн хоригдол болсон аж.
Хамгийн гол нь хүүг баривчилсны дараа өөр хүнийг Банчин ламаар тодруулсныг төвдүүд эсэргүүцэж, томоохон үймээн гарч байжээ.
Чухам зургаахан настай гэгээнтнийг баривчилж хорих шалтгаан юу байв. Барууныхан энэ асуудалд оролцохыг хүсээгүй. Гагцхүү НҮБ-аас ганц удаа хүүхдийн эрх, хүний эрх талаас нь дуугарсан болоод орхисон.
1989 онд Х Банчин ламыг нас нөгчсөний дараа Хятадын Засгийн газар үүнд ихээхэн анхаарал хандуулж байв. Учир нь 1959 оноос хойш Хятадын Коммунист намын шууд хараан дор амьдарч байгаа төвдүүдэд эрх чөлөөнд хүрэхэд шинэ удирдагч, шинэ хөтөч хэрэгтэй байсан юм.
Тиймээс хятадууд Банчин ламыг тодруулах багийг удирдаж байсан Чадрэл Рэнбүчиг 1995 оны тавдугаар сарын 14-нд Гэндэн Цогнямыг тодруулсны дараа баривчилж, эх орноосоо урвасан гэх ял тулгасан.
Үүний дараа Хятадын бодлого Төвдийн Буддизмын бүлэглэлүүд рүү чиглэж, дотроос нь хагалах арга сүвэгчилж эхэлсэн нь ч амжилтад хүрчээ. Ингээд Гэндэн Цогнямыг баривчилсны хойно шинэ Банчин ламыг тодруулах ажилд Төвдийн Далай ламыг эсэргүүцэгчид гар бие оролцсон байна.
Учир нь гэгээнтнүүдийн хойд дүрийг тодруулахад ашигладаг хуучин эд зүйлсийг таних аргыг ашиглахад дээрх эсрэг бүлэглэл нууц задруулах маягаар оролцсон гэдэг. Өөрөөр хэлбэл, шинэ Банчин ламыг тодруулах жаягийн нууцыг хятадуудад мэдэгдсэн хэрэг.
Одоо Гэндэн Цогням чухам хаа байгааг хэн ч мэдэхгүй. Өдгөө амьд байвал 25 настай байх учиртай түүнийг Хятадын Засгийн газар энгийн хятад хүний нэгэн адил амьдарч байгаа гэж мэдэгдсэн ч нууцыг задруулалгүй өнөөдрийг хүрсэн юм.
НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөлөөс 1996 оны тавдугаар сарын 28-нд Банчин лам Гэндэн Цогнямын тухай анхны асуулгыг Хятадын Засгийн газарт хүргүүлсэн. Харин төвдүүд түүнийг хүний наймааны золиос болсон, эсхүл алуулсан гэж сэрдэж байсан ч Хятадаас түүнийг амьд гэж мэдэгдсэний дараа суллахыг шаардаж эхэлсэн байна.
Харин 2007 оны долоодугаар сарын 17-нд Хятадын эрх баригчдын албан ёсны мэдэгдэлд Гэндэн Цогнямыг аз жаргалтай, энх тунх, сайн хятад хүүгийн ёсоор амьдарч байгаа нь төвдүүдэд хангалттай. Үүнээс илүү шаардах хэрэггүй гэжээ.
Мөн түүнийг 162 см өндөртэйг ч дурдаж, өдгөө сайн эцэг, эхэд өргөгдсөн. Тэд төрийн албан хаагчид гэж мэдэгдсэн аж.
Гэвч тэр цагаас хойш түүний сураг гарсангүй. Харин төвдүүдийн тэмцэл бүр ч хүчээ авч, Хятадын Засгийн газар цэрэг, зэвсгийн илт давуу хүчээр барьсаар өнөөдрийг хүрэв. Хүн хулгайлсан гэдгээ ил цагаанаар зарлаж, хүчээр тэс өөр замаар алхуулсан гэж байгаа ч Гэндэн Цогням одоо ч Төвдийн ард түмний XI Банчин лам хэвээр байгаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
Хятад улс бол энэ дэлхийн хамгийн адгийн улс. Хийхгүй ч муу юм алга, идэхгүй ч муу юм алга. дэлхийг гутааж байна.
hujaanuud tsagaandaa garchihsan yum bishv 6 nastai hvhed il hulgai hiij ybchihaad\
Yagaad ene setgegdel bhgui bn.esvel zoriud ustgaj bga yumuu