Дэлхийн II дайны туршид АНУ, Их Британийн эрдэмтэд хүмүүсийг туршилтад оруулж байсан тухай баримтыг ВВС дэлгэлээ. Туршилтад дандаа залуу хүмүүсийг оруулж, зургаан сарын турш өлсгөж байсан аж.
Тэд энэ ажлынхаа зорилгыг дайны улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн хүн төрөлхтнийг хүнс тэжээл өгөхөөс өөр ямар аргаар энэ аюулаас гаргах замыг илрүүлэх явдал гэж тайлбарласан байна.
Хамгийн гол нь тэд, золиосны хүмүүсээ ятган сэнхрүүлэх замаар олж авчээ. Энэ талаар тэр туршилтад орж байсан Маршалл Суттон гэгч хүн хожим олон нийтэд дэлгэсэн. Тэрбээр 1944 онд 26 настай байсан бөгөөд тэр үед өөрийгөө хүн төрөлхтний сайн сайхны тулд Засгийн газарт ажиллаж байна гэдэгт итгэсэн гэж ярьсан байна.
Уг Маршалл фронтод тулалдаж байсан ч энэ туршилтад орохоор тангаргаасаа зөрчсөн ч саяхныг болтол өөрийгөө дэлхийг аврахад оролцож байгаа гэж үнэмшсээр байжээ. Энэ талаараа “Би энэ бүх хугацаанд өөрийгөө хүмүүсийг аварч байгаа гэдэгт итгэж байлаа. Энэ нь миний нийгэмд ямар нэг зүйлийг хийж үлдээх хүсэл байсан юм” гэж ярьсан.
Түүнийг анх сэнхрүүлэхдээ өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан хүүхдүүдийн зургийг үзүүлсэн аж. Бусад хүмүүсийг ч ийм аргаар мунхруулсныг энэ хэргийг илчлэх үеэр хохирогчид мэдүүлжээ.
Туршилтын явцад эрдэмтэд хүмүүсээс “Хүн төрөлхтнийг илүү сайхан амьдруулахын тулд өлсөж байгаа биз дээ” гэж байнга асуудаг байсан гэдгийг тэд ярьсан юм. Энэ нь амьдаараа туршилтын туулай болсон хүмүүсийн чихэнд сүүлд ч сонсогдсоор байсан гэнэ. Тэдний Минносоттагийн Их сургуулийн дэргэдх эрдэм шинжилгээний хүрээлэнд хорьж байсан аж.
Тэр үед Европ, Ази даяар өлсгөлөн нүүрлэсэн байв. Тэгэхэд Голланд, Грек, Зүүн Европ, Оросын холбоотнууд, АНУ-ын эрдэмтэд өлсгөлөнг зогсоох бүхий л аргыг судалж байсан юм. Учир нь дайны үед хүнсний үйлдвэрлэлийг сэргээх боломж маш хомс байсны дээр хугацаа алдах магадлал их байлаа. Тиймээс эхний ээлжинд өлсгөлөнгийн судалгаанд сайн дураараа оролцох эрүүл чийрэг, залуу хүмүүс хэрэгтэй байсан аж.
Мэдээж энэ судалгааг маш нууц байдлаар хийсэн ба ихэнх хүмүүс туршилт болохоос татгалзсан ч Маршалл Суттон тэргүүтэй 36 залуу хүн төрөлхтнийг “аврах”-аар сэтгэл шулуудсан байна.
Туршилтын эхний гурван сард тэднийг зохистой хэмжээгээр хооллож байгаад аажмаар багасгаж, яваандаа амь торгоох төдий идэх юм өгч байжээ.
Маршалл Суттон энэ талаар “Би хоол гээч зүйлийг амьд гэдгээ мэдрэхийн тулд л идэж байх шиг санагдсан. Сүүлдээ юу ч идсэн гурван минутын дотор л бөөлжиж гаргах болсон” гэж ярьсан.
Хүмүүсийг өдөрт хоёр удаа хооллохдоо ганц байцаа, эсвэл ширхэг манжин, хагас аяга сүү өгч байсан бөгөөд хэдэн ширхэг бууцаг, болгосон вандуй зэргийг идүүлж байсан гэдэг. Туршилтад орж байсан хүмүүсийн өдөрт авах илчлэгийг 1800 калориос бага байхаар тооцож нэг ч удаа мах өгөөгүй аж.
Үүнээс гадна тэжээлийн дутагдалд орсон туршилтын хүмүүсийг долоо хоног бүр 36 км алхахыг шаардаж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн хүч ашигладаг байжээ.
Энэ туршилтыг дээрх 36 хүний зарим нь тэсч чадаагүй болихыг хүссэн байна. Гэхдээ хожим тэдгээр хүн гэртээ харьж чадалгүй учир битүүлгээр амиа алдсаныг олж мэдсэн. Үлдсэн хүмүүсийн 25 хувь нь дахиж хэзээ хэвийн жинд хүрч чадахааргүйгээр өвчинд баригдаж, цус багадалт, булчин сулралд автжээ. Тэдний арьс уян хатан, толигор чанараа алдаж, нимгэрэн заримынх нь дотор эрхтэн нэвт харагддаг болсон гэж Маршалл Суттон ярьсан байв.
Үүнээс гадна хүмүүс сэтгэл гутралд автан, хар дурсамжаа мартаж чадахгүй, түүнээсээ болж юу хийхээс буцахгүй байдалд орсон байна. Маршаллын ярьснаар, хүмүүст бодол санаа огт байхгүй болж, үлгэн салган алхах болжээ. Мөн бэлгийн дур хүсэл дахиж сэрэхээргүйгээр унтарчээ.
Хэдийгээр туршилтын дараа хүмүүс хэвийн хооллож эхэлсэн ч дахиж хэзээ ч жирийн хүн шиг амьдарч чадаагүй аж. Туршилтаас амьд үлдсэн хүмүүс сургуульд сурч, сүмд шавилан, харахад яг л хэвийн байгаа мэт байсан ч амьдралынхаа турш хоол нөөцөлж, хар дарж, өвчинд хуучаасаа болж зовж байжээ. Мөн тэдгээрийн 17 нь цагдаад баригдаж байсан ба бүгд дэлгүүрээс хүнс хулгайлж байгаад шийтгүүлсэн байна. Хэдийгээр Засгийн газраас тэднийг хангалуун амьдруулж байсан ч тархинд нь өлсгөлөн гэх ухагдахуун арилахгүйгээр суужээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
zerleg hognuud ene baitugai yum hj bsan shuu dee yamar saindaa tsumiin bumbuguu yopond turshihav dee
amerikiin hamgiin enerengui turshilt l bna. uunees aimshigt turshiltuud asar olnoor hiigdsen shu de.
AIMSHIG