ОХУ-ын эрх баригчид өмнө нь нэг бус эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулж болзошгүй иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүдийг танхайрсан хэргээр ял оноож байсан. Тэгвэл байгаль орчны төлөө тэмцэгч Евгений Витишког автобусны буудал дээр танхайрсан гэж баривчлан 15 хоног хорих ялаар шийтгэжээ. Харин Эмнести Интернэшнл Евгений Витишког үзэл санааныхаа төлөө хоригдох болсон байна гэж үзэж байгаа аж. Түүний урьд өмнө байгаль орчны төлөө явуулсан үйл ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан учраас Евгений Витишко 2 дугаар сарын 3-ны өдөр мөрдөн байцаах газарт тэмдэглүүлчихээд харьж явах замдаа баригдсан юм байна.. Евгений Витишкогийн хамтрагчид түүнийг хийж байсан ажил, байгаль орчны үйл ажиллагаатай нь холбоотойгоор хорьсон гэж үзэж байна. Мөн тэд эрх баригчид Краснодар хотод 2-р сарын 4-нд Олимпын наадмын бамбар ирэхтэй холбоотойгоор түүнийг хорьсон гэж үзэж байгаа аж.
Цагдаа нар эхлээд Евгений Витишког хулгай хийж байгаад баривчлагдсан хэмээн мэдээлж байсан ч дараа нь түүнийг автобусны буудал дээр танхайрч, хэрүүл маргаан үүсгэсэн учраас баривчлан шүүхэд шилжүүлсэн гэж мэдээлсэн юм. Цагдаагийн газарт түүний хурууны хээг авч, гар утсыг нь шалгасан даруйдаа тэр өдөртөө л шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал дээр Евгений Витишко өөрөө мэдэн өмгөөлөгч авахыг хүссэн ч шүүгч татгалзан улсаас өмгөөлөгч гаргаж өгнө гэж хэлсэн байна. Харин Евгений улсын гаргаж өгсөн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхээс татгалзсан байна. Ингээд шүүх түүний эсрэг мэдүүлэг өгсөн 2 гэрчийг дуудуулах хүсэлтийг нь ч үл ойшоон “хөнгөн танхайрсан” хэрэг үйлдсэн гэж үзэн 15 хоног хорих ял оноосон байна. Витишко давж заалдахаар болсон юм.
Евгений Витишко Хойд Кавказын Байгаль орчныг хамгаалах нэгэн ТББ-ын гишүүн юм байна. Тус байгууллагын гишүүд, дэмжигчид сүүлийн хэдэн саруудад эрх баригчдын дарамт шахалт илэрхий нэмэгдэж байгааг мэдэгдсэн байна.
Жишээлэхэд Кубаний Их сургуулийн оюутан Татьяна Борисоваг декан нь ярилцахыг уриад түүнийг буруу зүйлтэй орооцолдох вий хэмээн санаа зовж байгаагаа хэлсэн байна. Виктор Чириковыг цагдаагийнхан интернэтэд тавигдсан хэдэн бичлэгийн талаар ярилцахаар цагдаагийн газарт ирэхийг урьсан байна.Викторийг татгалзсанд цагдаагийнхан гэрт нь зочилж очно гэж сүрдүүлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )