Хойд Солонгосын хөлөг онгоц өмнөдийн хилийг зөрчиж, тагнажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 25

Хойд Солонгосын эргүүлийн хөлөг онгоц өчигдөр Өмнөд Солонгосын далайн хилийг хэд хэдэн удаа зөрчсөн гэж Сөүл мэдэгдлээ. Албаныхны мэдээлснээр, умардын хөлөг онгоцонд анхааруулга өгөхөөс өмнө хилийн зурвасаар нэлээд олон цаг хөвж, улмаар өмнөдийн арлууд руу ойртсон байна.

Үүнээс өмнө далайн хилийн маргаан гарахад Хойд Солонгос тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудаа өмнөдийн хил рүү илгээж байсан юм. Харин энэ удаагийн зөрчлийг Сөүлээс АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилттай холбон тайлбарлаж байгаа бөгөөд Пхенъян үүнийг эсэргүүцэж, цуцлахыг шаардаж байсан.

Хойд Солонгосын эргүүлийн онгоц Умард хязгаарын шугамыг давж, орон нутгийн цагаар 22:46 минутад Өмнөд Солонгосын тал руу нэвтэрсэн байна. Умард хязгаарын шугам нь хоёр орны далайн хилийн зааг юм.

Эргүүлийн хөлөг хилийг давсны дараа өмнөдийн харуулынхан 10 гаруй удаа анхааруулах дохио өгч, эцэст нь 02:25 цагт буцаж явсан байна. Гэсэн хэдий ч, Хойд Солонгос энэ заагийг эсэргүүцэж, өмнөд рүү өөрийнх нь газар нутгаас багагүй хэсгийг оруулсан гэж үздэг.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ким Минсьок дээрх асуудлын талаар “Хойд Солонгосын энэ үйлдлийг цэвэр өдөөн хатгалга гэж үзэж байна. Энэ нь өмнөдийн цэргийг шалгах гэсэн хэрэг” гэжээ.

Хойд Солонгосын эргүүлийн хөлөг хилийн заагаас 23 км дотогшилж, Пэннэндо арлын орчмоор эргэлдсэн байна.

2010 онд энэ арлын ойролцоо өмнөдийн байлдааны хөлөг живч, 46 усан цэрэг амиа алдсан юм. Тэр үед Өмнөд Солонгосоос энэ онгоцыг умардын талаас сөнөөсөн гэж мэдэгдэж байсан.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top