Украйнд байгалийн хийн үнийг 50 хувиар өсгөхөөр болов

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 27

Украйны түр Засгийн газар байгалийн хийн дотоодын хэрэглэгчийн үнийг 50 хувиар өсгөхөөр шийдвэрлэжээ. Үндэсний “Нафтогаз” төийн өмчит компанийн мэдэгдэж буйгаар, тавдугаар сарын 1-нээс шинэ үнийг мөрдөж эхлэх ба 2018 он хүртэл үргэлжилнэ гэсэн байна.

Учир нь байгалийн хийн худалдан авалтад томоохон саад учрах нь тодорхой болсон аж. Мөн ОУВС-гаас эдийн засгийн шинэтгэл хийхийн тулд татварын бодлогыг ч хатуу болгох ёстой гэсэн байна.

Украйны хувьд байгалийн хийн хэрэгцээний талаас илүү хувийг Оросын “Газпром”-оос авдаг. Импортын дараа дотоодын худалдааны үнийг тогтоодог бөгөөд өнөөгийн нөхцөлөөс болж ингэж шийдвэрлэхээс аргагүйд хүрсэн гэж тайлбарлажээ.

“Нафтогаз”-ын Төлөвлөлтийн хэлтсийн дарга Юрий Колбушкин долоодугаар сарын 1-нээс компаниудын хийн хэрэглээний үнийг дахин 40 хувиар өсгөнө гэлээ.

ОУВС-гаас Украйны Төвбанкинд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэж байгаа аж. Өнгөрсөн мягмар гаригт Украйны Сангийн сайд Александр Шлапак нэн даруй 15-20 тэрбум ам.долларын зээл шаардлагатай гэсэн.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.115.149) 2014 оны 03 сарын 27

Зээл өгөх л юм байх даа.Хараж л байя.

0  |  0
Top