Аврагчид хөлөг онгоц руу нэвтэрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 19

Өмнөд Солонгосын Чежү арал руу явж байгаад осолдсон "J-152" хөлөг онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр  аврагчид онгоц руу нэвтрэн орж зоогийн газарт байсан хэсэг рүү ороход ямар ч хүн байгаагүй гэнэ. Ослын улмаас  25 хүн амь үрэгдэж, 270 хүн сураггүй хэвээр байна. Чухам яагаад осолдсон  шалтгаан ч одоо болтол тогтоогдоогүй. Зарим эх сурвалжийн мэдээлснээр онгоцыг  ахмад бус түүний гуравдугаар туслах нь жолоодож явсан гэнэ. Мөн яагаад тэр дор нь зорчигчдод онгоцыг орхиж явах заавар өгөөгүй гэдгийг ч шалгаж байна. Харин Өмнөд Солонгосын хэвлэлүүд хөлөг онгоцон дотор байгаа хүүхдүүдийн эцэг эхдээ бичсэн мессежүүдийг нийтэлжээ. Шин Юнг Зин хэмээх сурагч ээждээ "Магадгүй энэ нь би танд хайртай гэж хэлэх хамгийн сүүлчийн боломж байх" гэсэн мессеж илгээсэн байна. Усан онгоц дотор чухам юу болоод байгааг мэдэхгүй ээж нь "Яагаад тэр вэ" хэмээн хариулахад хүүхэд "Ямар ч байсан би танд хайртай" гэж бичжээ. Аз болоход дээрх мессежийг бичсэн хүүг аварсан гэнэ.

Гэтэл олон эцэг эхчүүд хүүхэд нь яасныг одоо болтол мэдэхгүй  байна. Зарим эх сурвалжууд саяхныг хүртэл онгоцонд байгаа хүүхдүүд мессеж бичсэн байсан гэдэг нь ч батлагдаагүй аж. Тиймээс үлдсэн хүмүүс амьд байгаа эсэх нь нэлээд эргэлзээтэй гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top