"Шударга ёс" эвсэл бүлгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөж мэдээлэл хийлээ.Бүлгийн хуралдаанаар Г.Уянга, Д.Тэрбишдагва нар тойрогтт ажиллаж сонгогчидтой хийсэн уулзалтын талаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Мөн ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулан Г.Уянга гишүүн ахлахаар болжээ.
Бүлгийн гишүүдийн зүгээс сонгогчидоос ирж буй санал хүсэлтийг нэгтгэж байгаа аж. Тэтгэвэрийн зөрүү, Хамтын тэтгэвэрийн тухай хууль, газар өмчлөл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, архидалт зэрэг асуудалд анхаарал хандуулах талаар сонгогчдоос хамгийн их хүсэлт тавьсан гэлээ.
Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтад ҮХАА-н сайд Х.Баттулгын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт байгаа. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байгааг тодруулахад "Шаардлагатай бол бүлэг хуралдана. Өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас чөлөөлөөд явуулах л байх. Гэхдээ хүсэлт гаргасан болгоныг үүрэгт ажлаас чөлөөлж болохгүй. Засгийн газар байгуулагдаад талдаа орж байна. Өнгөрсөн хугацаанд ҮХААЯ-нд санхүүгийн ямар нөөц тавигдаж хэр үр дүнтэй ажилласан талаар чуулганы үеэр мэдээлэл авна" гэлээ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудалд гишүүд хувь хүний байр сууринаас хандах байх гэсэн хариултыг өглөө.
Үүнээс гадна "Шударга ёс" эвсэл бүлэг хамтарсан Засгийн газартаа үнэлэлт дүгнэлт өгөх гэнэ. 2012-2016 он хүртэл нийгэм эдийн засгийн хүрээнд тавьсан зорилтоо хэрхэн биелүүлсэнд дүгнэлт өгөх гэнэ. Бүлгийн гишүүд ойрын хугацаанд хэрэгжсэн болон ойрын хугацаанд хийгдэх эсвэл дутуу орхигдсон, огт хэрэгжээгүй зорилтуудаа жагсаан ард иргэдээ тайлагнах бололтой.

Сэтгэгдэл ( 0 )