УИХ-ын гишүүн Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэх яриа гарах боллоо. Эдийн засаг хүндэрсэн өнөөгийн нөхцөл байдлаас гарахын тулд эв нэгдлийн Засгийн газар байгуулах шаардлагатай юу?
-С.Баярцогт гишүүний хэлсэн үгийг АН-ын санал гэж ойлгохгүй байна. Нэг гишүүн дотроо бодож явсан зүйлээ хэлсэн байх. МАН болохгүй байгаа үедээ хүний, өөрийн гэхгүйгээр ойлголцож, асуудлыг шийдэх ёстой гэдгийг олонхи байсан үедээ ч ойлгож, хамтарсан Засгийн газар ч байгуулж ажиллаж байсан. Дотооддоо байгаа бүхий л нөөц бололцоо, түүн дотроо улс төрийн хүсэл эрмэлзэл, байр суурь, нэгдсэн зорилго, тодорхой ойлголтуудаа нэгтгэж байж асуудлаас гарах бодлогыг эхлүүлсэн. Харамсалтай нь, 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш олонхи болсон АН энэ уур амьсгалыг үгүйсгээд, дангаараа олон жил дураараа загнаж болох зан авир гаргасан нь манай намын доторхи уур амьсгалыг ч их эвдсэн. Хамгийн их болгоомжилж байгаа зүйл нь сонгуулийн үр дүнд олонхи болоогүй ч улс орны эрх ашиг, өөрсдийн эрх ашгаас илүү нөгөөхийгээ дарж авах, нухчих ажиллагаа явуулж байна. Ардчилсан нам 2012 оны сонгуулиас бус 2010 оны сүүлээс МАН нэртэй бизнесмэн, улстөрчдийг хуулиар далайлгаж баривчлах, хорих, дарамтлах зэргээр нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлж ирсэн. МАН-ын улс орны асуудлыг эв нэгдлээр авч явах нь зүйтэй гэсэн бодлогыг эргэлзэх хүртэлх хэмжээнд хүргэсэн. Үүнийг дахиад засахад их хэцүү. Хариуцлагаа өөрсдөө хүлээж чаддаг байх ёстой. Хариуцлагаа хүлээж чадахгүй байж төр барина гэж тоглоом тоглож байгаа юм шиг хандах хэрэггүй. Эхнээсээ энэ асуудалд зөв хандах ёстой байсан, АН-ынхан. Гэхдээ сонгуулийн дараа МАН-тай хамтрах ёстой гэж хэлж байгаа юм биш. МАН-гүйгээр Засгийн газар байгуулж болно, гэхдээ парламентийн зөвшилцөл, эв нэгдлийн асуудал, хүчээ нэгтгэх, бие биенээ хүндэтгэх асуудлыг үндсэнд нь таягдаад хаясан, тэд. Үүнээс болж өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн. Одоо манай намын зүгээс хамтрах асуудал гарахгүй. Эдийн засаг хүндэрсэн ийм нөхцөл байдлынхаа хариуцлагыг АН өөрсдөө хүлээх ёстой. Цаашид улстөрийн голлох хүчнүүд хамтраад ажиллана гэвэл эхлээд юу хийх, ямар зорилгоор нэгдэх, хэнд ашигтай зүйл хийх ёстойгоо ярьж байж санал нэгдэж хамтрах уу гэдгээ тооцно. Түүнээс ажил нь болохоо байхаараа хариуцлагатай, тулхтай намтай хамтарч ажиллах нь зүйтэй гэдгийг ойлгож байгаа мэтээр ярих нь утгагүй асуудал.
-“Давхар дээл”-ийн төслийг олонхийн бүлэг унагаасан. Уг нь ухаалаг төртэй болъё гэж Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барьсан байх. Танай бүлгийн зүгээс ч энэ хуулийг батлахыг дэмжиж байсан?
-Өмнө нь МАН дан гаднаас, холимог, УИХ-аас орсон сайд нартай засаг барьж байсан туршлагатай. Гэтэл одоо зохиомлоор яамдын тоог нэмэгдүүлж, сайд нарын олонхи нь УИХ-ын гишүүн байгаад ирэхээр УИХ, Засгийн газар хоорондын хяналтын тэнцвэр алдагдаж байна. Энэ ялгааг хүмүүс олж харахгүй, эсвэл харуулахыг хүсэхгүй байна. Үүний оронд Засгийн газрыг унагах гэж байна, МАН өөрсдөө Засгийн газарт орох гэж байна гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж байгаа. Бидний зүгээс ч, бүлгийн зүгээс Засгийн газрыг унагаж, Засгийн газарт орох шийдвэр гараагүй. Одоогийн олонхи шинээр бий болсон эрх зүйн орчны хүрээнд дахин Засгийн газраа байгуулаад явах боломжтой. Ингэх ч шаардлага байна. Яагаад гэвэл одоогийн сайд нарын үйл ажиллагаа нь дотоодод төдийгүй, гадаадад нэр хүндгүй байна. МАН-ын зүгээс хэд хэдэн сайд, Засгийн газрыг бүхэлд нь огцруулах асуудал ярьсан ч олонхиороо авч үлдсээр өнөөгийн нөхцөл байдал үүссэн. “Давхар дээл”-ийн төсөл улс орны нийтлэг эрх ашиг, төрийн тогтолцооны харьцааг сонгох зорилго тавьсан байсныг МАН-ыг буруутан болгосоор унагасан. Харамсалтай байна. Энэ бол олонхийн бүлгийн хүлээх хариуцлага. Жишээлбэл, асуудал ярихад сайд нар УИХ-ын гаргасан шийдвэрээс болж ажлаа хийж чадахгүй байна гэдэг зүйл ярьж байна. УИХ-д хэн олонхийг бүрдүүлж, анхнаасаа яаж ажилласан билээ гэдгийг бодох хэрэгтэй. МАН-ын бүлгийн гишүүдийг байнгын хороонд оруулахгүй, бидний хэлсэн үг болгоныг таягдаж, та нарын хийснийг засах гэж байна гэсэн байдлаар явсаар ийм байдал үүссэн. Өнгөрсөн оны наймдугаар сараас долларын ханш нэмэгдэх нь, эдийн засгийн хандлага буурч, хөрөнгө оруулалт буурлаа гэдгийг сануулж байсан, бид. Зарим судлаачид, МАН-ын үзэж буйгаар валютын цэвэр нөөц шавхагдсан. Одоо байгаа гээд байгаа нөөц бол үндсэндээ бидний өөрийн мөнгө биш. Бондын, зээлийн гэх мэт эргэн төлөгдөх эх үүсвэрүүд юм. Нөөц дуусч байгаагаас болж валютын ханш 1800 давчихсан. Ерөөсөө бие биенийгээ дарах гэсэн, зарим улстөрийн хүчнийг улстөрийн тавцангаас зайлуулах гэсэн 2010 оноос эхлэлтэй улстөрийн үйл явцын нэг муу үр дагавар нь өнөөдрийн санхүү, эдийн засгийн байдал. Бидний хэлж байсныг сонсч байсан бол зөвшилцөөд явсан бол өнөөдрийн нөхцөл байдлаас арай дээр байх байсан. Оруулж ирсэн мөнгөө түргэн эргэлтэд оруулж, мөнгө болгох зүйлд зарцуулаагүйгаас болж давхар давхар нэрмээс болж байна.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олонхийн бүлэг “давхар дээл”-ээсээ салахгүй, бусад улстөрийн хүчинтэйгээ зөвшилцөхгүй, дангаараа шийдвэр гаргаж явсаар ирсэн гэлээ. Энэ байдал цаашид эдийн засгийг эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдыг татах зэрэгт нөлөөлөх болов уу?
-Юуны өмнө хууль сахидаг болмоор байна. Ядаж өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиа мөрдөөд явсан бол дураараа загнах, ийм үр дүнд хүрэхгүй байх боломж байсан. Жишээлбэл, өнөөдрийн авч байгаа өр, зээл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хууль, Төсвийн хариуцлагын тухай хуулиудыг зөрчсөн. Энэ маягаар яваад байвал сайхан болох гарц харагдахгүй л байна. Хууль дээдэлж амьдарна гэдэг нь үндсэн зарчим гэдгийг ухаарахгүй бол маргаашнаас эхлээд МАН-ынхан, ард түмэн хууль хамаагүй гээд зөрчөөд эхэлбэл амьтны нийгэм рүү л хүргэнэ шүү дээ. Үүнээс гадна Засгийн газрын бүрэлдэхүүнийг чадваржуулж, худлаа ярьдаггүй, сэтгэлийн хөдлөлөөр аливаа зүйлд ханддаггүй хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. Засгийн газар бүхэлдээ биш гэхэд зарим сайд нар нь зай тавьж өгөх хэрэгтэй. Худлаа амладаггүй хүмүүсийг Засгийн газарт оруулж ажилламаар байна.
-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол саяхан батлагдлаа. 100 хоногт эдийн засгаа сайжруулна гэж ярьж байна. Тогтоол баталснаар эдийн засаг сайжрах боломж харагдаж байна уу?
-Хэцүү байдалд орсон эдийн засгийг 100 хоногийн дотор босгох битгий хэл хэвийн байгаа эдийн засгийг 100 хоногийн дотор огцом өөрчилнө гэдэг хэцүү. Хэвийн байгаа үед ахиц гарч болно. Яг ийм байгаа үед 100 хоногийн дотор сайжруулна гэдэг ч мэдэхгүй ээ. 100 хоногийн дараа ард түмний амьдралд хэр нөлөөлөхөөс л дүгнэлт хийнэ. Хэд хоногийн өмнө эдийн засгийг эрчимжүүлэх нэртэй хөтөлбөр баталсан. Өнгөрсөн баасан гаригт 2014 оны Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байхад дахин сайжруулсан тодотгол эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд оруулж ирэх тухай яриад сууж байгаа нь утгагүй. Тэгвэл 50 хоногийн дараа төсвийн тодотголоо сайжруулах, өөрчлөх шаардлагатайг мэдсээр байж 100 хоногийн хөтөлбөр батлаад ямар хэрэг байх вэ. Засгийн газарт өөрт нь эдийн засгаа эрчимжүүлэх итгэл алга. Би бол эдийн засгаа эрчимжүүлээд, дээшлүүлээсэй гэж их хүсч байна. Гэхдээ ийм боломж хэцүү, тэр дундаа ийм бүтэцтэй Засгийн газар бол хийж чадахгүй.
-Засгийн газар дотроо хариуцлага тооцох ёстой гэдгийг Ерөнхийлөгч, сөрөг хүчин, АН-ын гишүүд ч хэлж байгаа. Гэтэл сайд нартаа хариуцлага тооцохоос “зугатаад” байх шиг?
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал нь хүмүүсийн тухай асуудал биш. Яаж Монголын хөгжлийн шаардлага, нөхцөл байдалд нийцсэн бүтэцтэй байх вэ гэдэг хамгийн эхний асуудал. Тэр нь хэдэн яамтай байх, яамдын чиг, үүрэг нь давхардахгүй байх асуудал. Жишээлбэл, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам гэсэн хоёр яам мөнгийг дур дураараа зарцуулдаг, хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байна. Хоёр жилийн дараах үр дүн нь эдийн засаг ямар байдалтай болов. Мөн Ерөнхий сайд нь дур мэдэн их хэмжээний мөнгө захиран зарцуулдаг бүтэц бий болсон. Хуучин нэг төгрөгийг ч гэсэн төсвөөр дамжуулан зарцуулдаг, хяналт тавьдаг байсан тогтолцоог санаатайгаар алга болгосон гэж би үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар анх байгуулагдахдаа хуваасан фракциудаа мөнгөний эрх мэдэлтэй болгохын тулд олон жил тогтсон байсан зарчмыг зориуд байхгүй болгож, хоёр, гурван газар өөрсдийн дураар мөнгө зарцуулдаг байдлыг бий болгосон. Энэ бол эдийн засаг хүндрэхэд нөлөөлсөн хамгийн том шалтгаануудын нэг. Манай намын М.Одончимэд сайд яамныхаа төсвөөс тодорхой хэмжээний мөнгө Сангийн яамаар батлуулалгүй зарцуулсны төлөө огцорч байсан. Гэтэл одоо М.Одончимэд сайдын гаргасан байр суурь үлгэр шиг мартагдсан. Тогтоолд тусгаснаар төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулна гэдэг заалтыг арайхийж оруулсан. Уг нь бол төсвийн урсгал зардлыг бууруулъя гэж бодож байгаа бол Засгийн газар доторх бүтцээ эмхлээд, цомхон болгоод, түүндээ таарсан төсвөө хийгээд явбал 100 хоногийн дотор нүдэнд харагдахуйц механик алхам байж магадгүй гэдэг эхний алхам. Гэхдээ энэ зүйлийг хийхгүй байх л даа. Засгийн газар дотор хариуцлагатай ч, хариуцлагагүй ч сайд бий. Гэхдээ бүр болохгүй байгаа сайд нараасаа эхлээд явуулах хэрэгтэй шүү дээ.
-Х.Баттулга сайд өөрийн хүсэлтээр сайдын ажлаа өгөх өргөдөл өгснийг хувийн эрх ашиг, ёс зүйтэй, Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн гээд олон янзаар тайлбарлаж байна. Таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Надад бол хувийн эрх ашиг, бодлого зөрчсөн эсэх талаар мэдээлэл алга. Гаднаас нь харахад “давхар дээл”-тэй байж болохгүй юм байна гэдгийг үлгэрлэж харуулах гэсэн болов уу. Дан дээлийн зарчим зөв гэж бодож байснаа л бусдадаа үлгэрлэж харуулъя гэж шийдсэн болов уу гэж таамаглаж байна.
-Эдийн засаг хүндэрсэн, валютын ханш өссөн, төгрөгийн ханш унасан гээд хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болсон асуудлууд олон байхад хариуцлага хүлээх нэг ч хүн алга. Энэ хариуцлага, ёс зүйтэй байх гэдэг зүйл яг хэзээнээс алдагдчихав аа?
-Засгийн газар анх байгуулагдахдаа фракциуддаа Засгийн газрын бүтцийг хувааж өгч, түүндээ таарсан мөнгөний хуваарилалтыг хийсэн өдрөөс ёс зүйгүй, хариуцлагагүй, зарчимгүй байдал үүссэн.
-“Оюутолгой”-н ил уурхайн ажил зогссон, “Тавантолгой” алдагдалтай ажиллаж байна гээд олон асуудал эдийн засагт нөлөөлсөн. Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд тусгасан уул уурхай, ашигт малтмалын салбартай холбоотой асуудлууд өөрчлөлт авчирч чадах уу?
-Хэрэгжүүлэхийн төлөө бүгд явах ёстой. Гэхдээ би нэг зүйлд эргэлзэж байна. Бид гадаадаас 10 гаруй жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, харилцан ашигтай ажиллая гэсэн зарчмаар явсан. Энэ хугацаанд бид гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлнэ, хууль эрх зүйн орчинг сайжруулна гэж гуйсны эцэст хөрөнгө оруулагчид орж ирсэн. Энэ хугацаанд дотоодын зарим нэг аж ахуйн нэгжүүд ч хөл дээрээ босч эхэлсэн. Гэхдээ л улс орноо хөгжүүлэх хуримтлал бий болгоогүй. Сүүлийн таван жилийн хугацаанд олон жил гуйсны хүчинд хөрөнгө оруулалт орж ирээд, дотоодын хэрэглээг нэмэгдүүлсэн. Болж байгаа зүйлийнхээ нэлээд хэсгийг нийгмийн хамгааллын салбартаа зарцуулсан. Өнөөдрийн өнцгөөс харахад буруу ч тухайн үед хүмүүст тэтгэлэг өгсөн нь зөв байсан. Сонгуульд өгсөн амлалтаа биелүүлснийг одоо алдаа гэж хэлж болох ч тухайн үедээ тараасныг хэн нэгэн рүүгээ чихэх хэрэг байхгүй. Хоёр нам аль аль нь л сонгуулиар мөнгө тараах амлалт өгч гарч ирсэн шүү дээ.
-Өнгөрсөн намар хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, хөрөнгө оруулагчдыг даллах хууль болсон гэж байсан. Одоо байдал ямар байна вэ?
-Хууль баталснаар хөрөнгө оруулагчид орж ирдэггүй. Бид хууль батллаад 10 гаруй жил сурталчилж байж хөрөнгө оруулагчдыг татсан. Гэтэл түүнийгээ буцаагаад хөөчихсөн. Одоо дахиад шинэ хууль баталсан ч хуулийн хэрэгжилтээс шалтгаалж хөрөнгө оруулагчид орж ирэх эсэхээ шийднэ. Нэг удаа түлэгдсэн хүн дахиж гал руу ойртохдоо маш болгоомжтой ойртоно биз дээ. Ялангуяа 2012 оноос хойш Засгийн газрын гаргасан шийдвэр, сайд нарын хэлсэн үг, гаргасан шийдвэр нь хөрөнгө оруулагчдын бодлыг өөрчилсөн. Гадаадад төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдад ч гэсэн байдал хэцүү байгаа. Өнөөдөр Монголд шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хоёр жил хоригддог, дарамталдаг эрх зүйн орчин үйлчилж байна. Гадаад явах эрхийг нь хязгаарлах, эсвэл улстөрийн зорилгоор гээд хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөл байдал үүсгээд байна. Энэ нь өөрөө улстөрийн зорилгоор хууль эрх зүйн орчинг ашиглаж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Миний сонссоноор 1000 гаруй аж ахуйн нэгж дээр ямар нэг байдлаар хэрэг үүсгэсэн, дарамтад байгаа юм билээ.
-Тэгвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлийг бий болгоход Х.Тэмүүжин сайдын хууль зүйн салбарын шинэчлэл нөлөөлж чадах уу?
-Өөрчлөлт хийнэ. Өнөөдөр хууль гарлаа гэхэд маргааш бүх зүйл сайхан болно гэсэн үг биш. Дотоодын ч, гадаадын ч бизнес эрхэлж байгаа, хөрөнгө оруулагчид аль аль нь хууль гарсны дараа амьдрал дээр хэрэгжүүлж байна уу, уур амьсгал зөв тийш ээ хандах уу гэдгийг харна. Тэр нь өөрөө тодорхой хугацаа шаардана.
-Олонхийн бүлгийн зүгээс одоогийн нөхцөл байдал нь өмнөх Засгийн газраас үүдэлтэй, бид тэдний тарьсан “балгийг” цэгцэлж байна гэдгийг үргэлж хэлдэг. Ер нь олонхийн ажиллаж байгаагаас харахад МАН алдаагүй ажиллаж байсан гэж та хэлж чадах уу?
-Бид бүх зүйлийг зөв хийж байсан гэж хэлэхгүй. Алдаа, оноо аль аль нь бий. Өнгөрсөн 20 жил туулаад ирсэн амьдрал бол монголчуудын хувьд цоо шинэ байсан. Тал талаасаа оролцсон. Алдаа байгаа бол бүгдийнх нь л алдаа. Хэрэв энэ хугацаанд МАН өдий байдалд хүргэсэн гэж байгаа бол бид улсын эдийн засаг жилдээ 20 хүртэлх хувиар нэмэгдэж болдог гэдгийг харуулах хэмжээнд энэ улс орныг авч явсан гэж хэлнэ, хамгийн том утгаар нь. Мэдээж алдаа, дутагдал байгаа байх. Нэг зүйлийг ажиглахад, сүүлийн хоёр жилийн бодлогын алдаанаас болж эдийн засаг хүндрээд ирэхээр бид хамт хийж байсан, бие биенээсээ буруу хайлгүй цаашид хамтраад ажиллая гэдгийг УИХ-ын танхимд нэлээд их яригдах болсон гэдгийг та бүхэн нэг анзаараад хараарай.
Н.Ганаа
Сэтгэгдэл ( 0 )