УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлаар хуралдсан байна. Бүлгийн хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн хямралаас яаж богино хугацаанд гарах вэ гэдэг өнөөдөр Монголд хамгийн номер нэг асуудал болоод байгаа. Тиймээс ч МАН-ын бүлэг энэ асуудалд жилийн өмнөөс анхаарч 14 ажил хэрэгч санал гаргаснаас 12 нь эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолд туссан. Энэ тогтоол батлагдсан өдрөөс эхлэн нийгэмд бий болсон хамгийн том хүлээлт бол одоо л нэг хямралыг давах шийдлээ хүлээсэн томоохон ажлууд хийгдэх нь гэсэн хүлээлт байлаа. Харамсалтай нь дээрх хүлээлтийг хэрэгжүүлэхэд гол суурь болох учиртай Төсвийн тодотголыг Засгийн газар дэндүү хариуцлагагүй байдлаар оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл үг үйлдэл яаж зөрдгийг Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тодотгол харууллаа гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )