Б.Батдаваа: Гадаад худалдааны тэнцэл анх удаа ашигтай гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 06

Монголбанкны Валют эдийн засгийн газрын, Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн захирал Б.Батдаваатай гадаад худалдааны тэнцлийн талаар ярилцлаа.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2014 онд ашигтай гарсан. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Гадаад худалдаа цаашид ч гэсэн ашигтай гарах уу?

Гадаад худалдааны тэнцэл 2006 оноос хойш байнга алдагдалтай гарч байсан бол 2014 онд 539 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь 2013 оны -2.1  тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай харьцуулахад тэнцэл 2.6 тэрбум ам.доллараар сайжирсан үзүүлэлт юм.

Бидний зүгээс гадаад худалдаа цаашид ч гэсэн ашигтай гарна гэсэн хүлээлттэй байгаа. Жишээлбэл 2015 оны 1 дүгээр сарын  урьдчилсан мэдээгээр худалдаа 225 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 442 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлт юм.Худалдааны тэнцэл ашигтай гарах нь гадаад валютын орох урсгал, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн идэвхижил, өсөлтөд эерэгээр нөлөөлдөг байгаа.

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад юу голчлон нөлөөлөв?

Экспорт нэмэгдэж, импорт давхар буурсан нь худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн.

Манай улсын экспортын дүн 2014 онд 35 хувиар буюу 1.5 ам.доллараар өссөн байгаа. Экспорт нэмэгдэхэд нэгдүгээрт, Оюутолгой төслийн экспортын үйл ажиллагаа жигдэрсэн, хоёрдугаарт мөнгөжөөгүй алт болон боловсруулаагүй нефтийн гарц ихэссэн нь нөлөөлсөн.

Харин импорт 2014 онд өмнөх оноосоо 18%-иар буюу 1.1 тэрбум ам.доллараар буурсан байгаа. Импорт буурахад уул уурхайн томоохон төслүүд бүтээн байгуулалтын шат дууссан, нефтийн бүтээгдэхүүн үнэ дэлхийн зах зээлд буурсан, төгрөгийн ханшаар дамжин хэрэглээний зарим бүтээгдэхүүний импортод тохиргоо хийгдэж байгаа зэрэг нь голчлон нөлөөлсөн.

Цаашид гадаад худалдааны ашиг нэмэгдэх эерэг дүр зураг харагдаж байгаа ч гэсэн экспортын бодит орлого буюу эдийн засагт орох валютын урсгалд биданхаарлаа хандуулахнь чухал юм.

А.Алтантуяа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top