Болор цом хүртсэн шүлэг

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 15

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүрэн зохион байгуулдаг “Болор Цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймагт болж,  32 дахь удаагийн “Болор Цом”-ын эзнээс яруу найрагч Б.Мягмарсүрэн тодорсон билээ. Түүний “Болор цом-32” наадамд уншсан “Реквием” шүлгийг хүргэж байна.

 

Реквием

 

Баримжаа алдрах их талыг туулан харьж явна

Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана

Толгодын дээр нэгэн бараа тодорсоор

Тосоод угтдаг ижий минь биш байгаа

Ташуур өргөх төдий хүлгийн туурай яралзлаа

Талын толгойнхоо хүн чулууг мартан байж би ижийгээ үгүйлжээ

Зэгсэн толгой гудалзах намрын өглөө гаднаа буулаа

Зэлэн дундуур эргэж хотолсон сүргээ харлаа

Саадаг үнээнийх нь цаанаа ягаан алчуур цухуйна

Саальтай хормой нь дарайсаар босоод ирдэг юм биш байгаа

Өөрийн эрхгүй сэтгэл гүйн алдаад бүдэрлээ

Өвчиж төрсөн дүүгээ мартан байж би ижийгээ санажээ

Тоглож өссөн гэрийнхээ хаалгыг зүрх алдан байж татлаа

Тогоо дүүрэн сүү, сэтгэл дүүрэн гуниг мэлтэрнэ

Хүнгэнэн асах голомтоо тойрсон ахан дүүсийн дундаас

Хүүгээ үнсэх гээд босоод ирэх юм биш байгаа

Хүрд зүрдхэн эргэх хойморийн бор авдар дээр

Хүрэн торгон дээлтэй хөрөг болсныг тань мартан байж би ижийгээ санажээ

Маргашгүй үнэнийг учирлахдаа хорвоо та

Мандан жаргах нараараа өдөр болгон үглээд байхаар нь

Маргааш гэж бий гэж андуу эндүү ухаарчээ би

Ирэх буцахын жамыг учирлахдаа хорвоо та

Эргэх дөрвөн цагаараа он тоолон давтаад байхаар нь

Ирэх жил гэж бий гэж эндүү ташаа боджээ би

Мөнх бусын орчлонд ижийгээ амжиж хайрла гэж

Мөн л би хорвоо шиг үглэн давтан дуулах боллоо

Ятга шанзыг уйлуулж мянга дуулаад ч үгэнд ороогүй хүмүүнд

Яажшуухан дуулбал ижийгээ нэг амжиж хайрлах юм болоо

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.194) 2015 оны 02 сарын 16

Энгийн атлаа гоё, үнэн.

0  |  0
N(46.9.188.211) 2015 оны 02 сарын 16

Mash engiin mørtløø goe yag l kino Shig bichjee . Uilav!

0  |  0
Oyunbat(43.242.243.239) 2015 оны 02 сарын 15

Mash saihan shuleg ba.Tertee olon jiliin umnu tengert halisan eejiig mini hachin iheer sanagalzuulav.

0  |  0
123(202.126.89.176) 2015 оны 02 сарын 15

Сайхан шүлэг байна

0  |  0
Top