Тавантолгойн хэлэлцээр монголчуудын хамгийн эерэг хүлээлт болоод байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Цагаан сарын дараахан Тавантолгойн  стратегийн хөрөнгө оруулагчдын хэлэлцээр дахин үргэлжилж эхлээд байна. Тавантолгойн уурхайг ашиглаж эдийн засгийн хүндрэлээс гарах нь монголчуудын хувьд хүлээлт болоод байгаа. Бас тэндээсээ хувь хүртэх холын санаа буй.

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан Монгол, Хятад, Японы хамтарсан Консерциумтай хийх хэлэлцээ оны дараа буюу нэгдүгээр сарын 5-аас эхлээд буй. Төлөвлөж зорьж байснаар энэ хэлэлцээр цагаан сараас өмнө дуусгана гэж байсан ч амжаагүй. Тэгээд ч мега төсөлд хэт яарах нь түргэн шүүрхий болдог гэдгийг ажлын хэсгийн ахлагч Монгол  Улсын сайд М.Энхсайхан сануулж байсан. Гэхдээ энэ сард багтаан эцэслэхээр зорьж байгаа гэх  мэдээлэл байна. Дуулдаж буйгаар энэ хэлэлцээр амжилттай явж байгаа. Ер нь бид Тавантолгойн хөрөнгө оруулагчдын тухай 7 дахь жилдээ ярьж байна. Ингэж олон жил дуншсан асуудал удахгүй шийдэгдэж магадгүй байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үеийн хамгийн нааштай мэдээ болж байна.

Энэ хугацаанд хөрөнгө оруулагчидтай 26 удаа хуралдаж 350 гаруй асуудлыг хөндөж 80 гаруй хувь нь манай талын саналаар нааштайгаар шийдэгдсэн гэдгийг Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр байгуулах дэд ажлын хэсгийн ахлагч С.Жавхланбаатар мэдээлсэн. 

олон жил дуншсан асуудал удахгүй шийдэгдэж магадгүй байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үеийн хамгийн нааштай мэдээ болж байна

Түүнчлэн Монгол  Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж “Тавантолгой төслийн хэлэлцээний хүрсэн үр дүн”-г авч хэлэлцсэн юм.

Энэ үеэр  Монгол Улсын сайд М.Энхсайхан  Хөрөнгө оруулагчид, нөгөө талаас Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын Төмөр Зам ТӨХК компаниудын хооронд хэд хэдэн гэрээ хийх шаардлагатай байгааг тэмдэглэсэн. Тэрбээр бас нягтлан бодох бүртгэл гэхчлэн санхүүгийн тайлан бүртгэлийг олон улсын жишигт хүргэхийг сануулж байгаа. Өөрөөр хэлбэл хаана хаанаа нэг өнгөөр дуугарч байх хэрэгтэй болж байна.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулж, төслийг саадгүй хэрэгжүүлэх чиглэл өгснийг уншигчид санаж байгаа байх.  Түүнчлэн энэ үеэр Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой ХК-ий хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахыг  ажлын хэсгийнхэнд даалгасан байдаг.  Өөрөөр хэлбэл, ҮАБЗ нь Тавантолгойн одоо үргэлжилж байгаа хэлэлцээрийг дэмжиж Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлыг Засгийн газарт даалгасан юм.

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өчигдөр манай улсад ирсэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан гэх мэдээлэл өнөө өглөө түгж байна.  Тэрбээр хэдэн жилийн өмнөөс манай Засгийн газарт зөвлөдөг болсон. Энэ удаагийн зөвлөгөө сануулга  Тавантолгой болон Оюутолгойн уурхайг ашиглах, үр дүнг нь хүртэх асуудлыг  хамгийн түрүүнд хөндсөн байх магадлалтай.

Тавантолгойн хөрөнгө оруулалтаас Монголын эзийн засагт чамгүй  мөнгөний урсгал орж ирнэ гэсэн хүлээлт буй

Ерөнхийлөгч Цагаан сарын өмнө өгсөн ярилцлагадаа “Тавантолгой хэлэлцээрийг УИХ-д оруулах шаардлагагүй, Засгийн газрын төвшинд шийдэх боломжтой” гэж тодорхой хариулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр байгуулах боломжтой болсон  гэсэн үг. Ингэснээр Тавантолгойн “тавилан” шуудрах замдаа орлоо гэсэн эерэг дохио ирж байгаа юм.

Энэ бүхнээс харвал Тавантолгойн хэлэлцээрийг түргэвчлүүлэх, нэгэнт шалгарсан хөрөнгө оруулагчидтай зэрэгцүүлэн энэ тэр компанийг лоббидох шаардлагагүй гэдэг дээр дээд түвшиндээ санал нэгдсэн мэт харагдаж байна. Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг ахалж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайхан сайд “Энэ төсөл рүү битгий чулуу шидээрэй. Мега төсөл их эмзэг байдаг юм шүү” хэмээн анхааруулж байсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын хөгжилд нөлөөтэй нэг бүтээн байгуулалтыг зогсоох нь Монголын төлөөх нэг амьдралыг таслахтай адил юм” хэмээн тодотгосон.

Тавантолгойн орд газрыг эргэлтэнд оруулах нь  улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй, энэ нь татраад байгаа гадаадын  хөрөнгө оруулагчдад сайны дохио болон очихоос гадна Оюутолгойн гацчихаад буй гүний уурхайг урагшлуулах ажлыг эхлүүлэх жишиг болно гэж харж байгаа юм.

Тавантолгойн хөрөнгө оруулалтаас Монголын эзийн засагт чамгүй  мөнгөний урсгал орж ирнэ гэсэн хүлээлт буй. Манай Засгийн газрын зүгээс тус уурхайд наад зах нь 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болзол тавьж байгаа билээ. Хөрөнгө оруулалтын нөхцлүүдийн талаар бид үргэлжлүүлэн хүргэх болно.

П.Булган 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgluls (172.56.8.113) 2015 оны 03 сарын 04

Usa kanad England iig oroltsuulahgui oros Japan iig oroltsuulj gereeg hi

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.93) 2015 оны 03 сарын 03

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top