Яамны буруугаас болж нөөцийн махны үнэ нэмэгдэх нь

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Махны үнэ 10 мянга хүрлээ, нөөцийн мах хаана байна?

Хаврын “синдром”, уйваагүй улс төржилттэй хамт иргэдийн нуруун дээр хүнд ачаа болдог зүйл бол махны үнэ. Цагаан сарын үрэлгэн баярын дараа махны үнэ тэнгэрт гарч эхэлснийг та анзаарсан уу? Хэрэв үгүй бол та дундажаас дээш амьдралтай, тансаг нэгэн байх нь. Хэд хоногийн өмнө “Хүчит шонхор” захаар очсон нэгэн “Хонины шулсан мах олдохгүй, олдсон нь хоолойноос давсан үнэтэй байна” хэмээн халагласан. Захуудад хонины шулсан мах нэг килограм нь 8000 төгрөгт хүрсэн бол жижиглэнгийн дэлгүүрүүдэд 9-10 мянган төгрөгөөр зарагдаж байна. Энэ үнийг даахгүй иргэд нөгөө л элэг, зүрх, ямааны мах авч бор хоногийг өнгөрөөх боллоо. Захын гэр хороолол эсвэл хүнсний захуудаар очвол хямд дайвар бүтээгдэхүүн дээр иргэд овоорсон харагдах боллоо. Уг нь жилийн жилд болдог махны үнийн өсөлтийг хазаарлах гэж сүүлийн үед нөөцийн мах гаргах болсон. Гэтэл энэ жил таг чиг. Нийслэлийн захиргаанаас 12 тонн нөөцийн мах нийлүүлнэ шүү л гэж ахин дахин мэдээгээр бөмбөгдөөд байгаа болохоос ачир дээрээ энэ ажил зогсчихоод байгаа юм.

Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын иргэдэд нөөцийн мах нийлүүлэх компаниуд аль хэдийн махаа нөөцөлжээ. Мэргэжлийн байгууллага ч хяналт, шалгалтаа хийгээд зөвшөөрөл өгсөн байна. Уг нь нөөцийн махыг энэ жил 1-р сарын 25-нд буюу даруй сар гаруйн өмнө гаргана гэж зарлаж байсан.  Гэтэл хямд үнэтэй, борог амьдралтай иргэдийн хоногийн хоолоо болгодог нөөцийн махны асуудал салбарын яамны хариуцлагагүй үйлдлээс болж ийнхүү хоцорч байгааг анзаарах хүн алга.

 

Шинэ сайдтай болсон Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан энэ жилийн улсын төсөвт нөөцийн махны мөнгийг суулгаж чадаагүй.

 

Үүний шалтгаан нь, шинэ сайдтай болсон Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан энэ жилийн улсын төсөвт нөөцийн махны мөнгийг суулгаж чадаагүй юм. Нөөцийн мах бэлтгэхэд санхүүжилтийн 40 хувийг тухайн компани өөрөө харин үлдсэн 60 хувийг Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гаргадаг аж. Гэтэл улс төрийн үймээн дундуур мөнгөө батлуулж чадаагүй Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан энэ асуудлыг өөрсдөөсөө түлхэж сууна. “Манайх асуудлыг шийдээд, Сангийн яам руу явуулсан” гэсэн тайлбар хэлж байгаа ч ийнхүү нөөцийн мах иргэдийн гар дээр очиж чадахгүй байгаагийн шалтгаан нь энэ яам юм.

Зарим хүн “хавар махны үнэ өсөхийг хүлээж байгаад зориудаар өндөр үнээр зарах гэж байна” хэмээн хардаж байна.

 

Компаниуд гэрээнийхээ дагуу 14 тэрбум мах бэлтгэсэн байна. Тэд улсаас нэг кг мах тутамд 1000 төгрөг авах ёстой аж.  Дээр нь нэмээд өмнөх оны үйл ажиллагааны зардлын үлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг  улсаас гүйцэд барагдуулаагүй. Төсвийн мөнгийг хүлээсээр махных нь хадгалах хугацаа багассаар байгаа тул ямартаа ч энэ сардаа багтааж нөөцийн махаа зарах юм байна. Хамгийн гол нь улс кг тутамд 1000 төгрөгөө өгч чадахгүй бол компаниуд зээлийн хүү, ашгаа бодоод нөөцийн махыг өмнөх жилээс хамаагүй өндөр үнээр зарах нь гарцаагүй. Зарим хүн “хавар махны үнэ өсөхийг хүлээж байгаад зориудаар өндөр үнээр зарах гэж байна” хэмээн хардаж байгаа.  Бодит байдал дээр хариуцлагагүй яамнаас болж 10 мянгаар мах авч чадахгүй борчууд элэг, зүрхээр нөөцийн махыг орлуулж байна. “Нөөцийн мах амт, чанар нь дээрдсэн байсан. Энэ жил яачихав?” гэж надаас асуусан тэтгэврийн хөгшинд Б.Бурмаа сайд хариулт өгөөч ээ.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэнэ(150.129.143.226) 2015 оны 03 сарын 10

Нөөцийн махны эзэд нь дандаа дарга нар байдаг юм шүү дээ. Мөн хятад хүн ч байдаг шүү дээ.Үнэхээр муудах гээд байгаа махаа зараачээ.Ер ньмахыг малчдаас маш бага үнээр ченжүүд аваад дээрхи хүмүүст өгдөг,улсаас үнэ тогтворжуулах гэдэг нэрээр баахан мөнгө авдаг зуршилыг ХХААЯ-ны сайд анхаарах байлгүй дээ.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 03 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top