Улс төрийн амьдралын нэг хүлээлт болоод байсан АН-ын Их хурал энэ сард хуралдана гэж байсан ч дахин хойшлов. Өнгөрөгч оны эцсээр товлогдоод байсан тус намын Их хурал хоёр дахь удаагаа ийн хойшилж байгаа юм. Учир шалтгаан нь хаврын чуулганаар хэлэлцэгдэх Улс төрийн намуудын хуультай холбоотой хэмээн тус намын ЕНБ-ийн дарга Л.Эрхэмбаяр тодотгожээ. Мөн долоо хоногийн эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-2014 оны үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д хүргүүллээ.
Энэ долоо хоногийн эхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслөөр нэээлттэй хэлэлцүүлэг болсон нь ямар ч атугай Монголд ийм нэгэн хууль шинээр мэндлэх юм байна гэсэн итгэлийг төрүүлж байна. Ийм хууль батлах нь нийгмийн хүлээлт гэсэн ойлголт нэлээд түлхүү бий.
Энэ сарын 8-нд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн мэдүүлнэ гэсний үргэлжлэл нь энэ хэлэлцүүлэг болж байна.
Монгол Улсад жилд дунджаар 300 орчим хүн бусдын гарт амиа алддагийн нэлээд хувь нь гэр бүлийн хүрээнд, хүчирхийлэл ужгирч даамжирсны улмаас үйлдэгдсэн байдаг гэнэ.
Даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаан Богдхаан төмөр замын төсөл хэрэгжүүлж, “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төв байгуулахаар шийдвэрлэв. Ингэснээр шинэ төмөр зам Төв аймгийн Батсүмбэр сумын нутгийн Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох юм. Харин Нийслэлийг дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлж, нийтийн тээврийн хоёр дахь урсгалыг бий болгоно гэж байна.
Мөн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Улаанбаатар хотын зүүнээс баруун, хойноос урагшаа чиглэлд багтаамж ихтэй нийтийн тээврийн тэнхлэг замыг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусгаж, тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна.
Мягмар гаригт АСЕАМ-ын зохион байгуулах зөвлөлхуралдав. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 51 орны Төр, Засгийн тэргүүн, сайд нар болон олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Энэ уулзалтад бэлтгэх Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахлан ажилладаг бөгөөд ажлын таван дэд хэсэг хариуцсан чиглэл чиглэлээр тус уулзалтад бэлтгэж буй юм.
Энэ долоо хоногийн сайн мэдээ байгаасай гэсэн нэг хүлээлт бол "Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолшийн Монголд хийх өнөөдөр эхэлж буй айлчлал. Түүний Монголыг зорих шалтгааныг "Оюутолгой"-н экспортолсон зэсийн баяжмалын хэмжээ энэ оны хоёрдугаар сард нэг сая тоннд хүрсэнтэй холбон тайлбарлаж буй ч гацчихаад байгаа далд уурхайн асуудлаа урагшуулах ойрын хэрнээ холын санаа бий гэлцэж байна. Ирэх 10 дугаар сард Оюутолгойн гацаа тайлагдаж магадгүй гэсэн хүлээлтэд ямар нэг хэмжээгээр хариулт өгч магадгүй юм.
Улирч буй долоо хоног АНУ-ын Фэрфакс хотод хоёр монгол эмэгтэй хүчирхийлэлд өртсөн мэдээллээр эхэлсэн нь таагүй. Түүнчлэн Францад бас нэг монгол бүсгүй бусдын гарт амь насаа алдсан таагүй явдал боллоо. Хүчирхийлэл хийгээд амь насаа алдсан тохиолдлын аль алинд нутаг нэгтнүүд нь оролцсон гэсэн гашуун үнэн дагалдаж байна. Хүний газар яваа цөөхөн монголчууд хүртэл бие биеэ хайрлахаа больсон “цөвүүн” цаг ажээ.
Энэ долоо хоногийн хамгийн сайн мэдээ гэвэл Тавантолгойн хэлэлцээр ирэх долоо хоногт үргэлжлэхээр болсон явдал байв. Энэ бол алсраад байсан итгэл эргэж ирж буй хэрэг. Хэрэв бүхэнд өөрийн эрх ашгаар ханддаг улс төрчид сэмхэн чулуу шидчихгүй бол мега төсөл удахгүй амилж мэдэх юм. Энэ төслийг дагасан хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал, ажлын байр гээд уруудсан эдийн засгийг өндийлгөх олон боломж хамт ирнэ.
Энэ долоо хоногт зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 6200 ам.доллар давж өссөн нь эдийн засагт ирж буй сайн дохио болж байна.
Хуримын ордныг хувьчлах жагсаалтаас хассан нь монголчуудын хувьд бас нэг таатай мэдээ байсан гэдгийг дурдалгүй өнгөрч болохгүй байх.
Өвөл нь ороогүй цас хавартаа ороод Монголыг гоёх гэсэн шиг сайхан өдрүүд үргэлжилж байна. Энэ жилийн зун эрт ирэх бололтой.
Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. ҮНэ: 22 000₮
За тэгээд хятадын терийн зевлел шийдсэн бол баярлаад л Хятадын тэвэрт эрчээрээ гуйгээд орно гэсэн уг бишуу.