Барьц чангалах арга буюу дахиад Арбитрийн шүүх

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

"Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал  Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголд ирээд буцлаа. "Рио Тинто" бол уул уурхайн дэлхийн хоёр дахь том компани. Тэр дундаа манай Оюутолгойн хөрөнгө оруулагч.

Энэ эрхэм Монголд ирснээр гацаанд орчихоод байгаа Оюутолгойн далд уурхайн хэлэлцээр урагшлах болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч тэр амралтын өдрүүдийг тааруулж,  Оюутолгойн  нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баярт оролцоод буцжээ. Ингэхдээ харин  хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлэхээ мартсангүй.  Монголыг зорихоосоо өмнө тэр “Reuters”-т  ярилцлага өгсөн.

“Рио Тинто онцгой хандлага хүсээгүй. Бид илүү тодорхой, баталгаатай байдлыг Монголоос хүссэн”

Түүний ярилцлага, илэрхийлээд байгаа санаа товчхон бөгөөд тодорхой.  Тэр нь “Рио Тинто онцгой хандлага хүсээгүй. Бид илүү тодорхой, баталгаатай байдлыг Монголоос хүссэн” гэх мессеж. Үүнийгээ Монголд ирээд ч бас давтсан. Түүний энэ үг мөнөөх бидний хүсээд байгаа хөрөнгө оруулагч нарт ямархан дохио сануулга болон очих нь тов тодорхой. Дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, тэдгээр улс орондоо  өнгөрсөн оны байдлаар нийтдээ 7.2 тэрбум ам.долларын татвар төлсөн ийм том компанийн гүйцэтгэх захирлын үг үнэ цэнэгүй байна  гээд яах билээ. Тэр манай Засгийн газрын хандлагыг  дээрхи үгээрээ илэрхийлж байгаа хэрэг.

Тэрбээр мөн Монголтой үүсээд байгаа 30 сая ам.долларын татварын маргааныг “Рио Тинто" групп татварын маргааныг шийдвэрлэхийн тулд олон улсын арбитрын шүүхэд хандахад бэлэн байгаа” гэдгээ мэдэгдэв.

Арбитрийн шүүх гэхээр Монгол Улсын Засгийн газрын хувьд хадны мангаа лугаа болсон. Нөгөө нуруугаа авсан морь гэдэг шиг л  энэ нэрийг сонсохоор  нуруу нь хотолздог болж байгаа байх. Хэдхэн хоногийн өмнө Канадын “Хан ресурс” компани  манай Засгийн газрыг Арбитрт өгч 100 сая ам.долларын торгууль тавиулчихаад сууж байгаа. Одоо дахиад эвгүйтвэл  дараагийн ээлж нь Рио Тинто болж мэдэх юм байна.

Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийг  улс төржиж унагавал бид дахиад Арбитрийн шүүхэд дуудагдах магадлал өндөр

Эхнээсээ бодож төлөвлөөгүй, хувийн эрх ашиг хэтэрхий хавчуулагдсан  томоохон төслийн хэлэлцээрүүд түрүүчээсээ түүхий болж, эргээд улс орноо олон улсын шүүхийн өмнө нэр хүндийг нь унагаж, зуун саяар тоологдох торгууль ялд унагаж байгаа захын жишээ гэвэл энэ. Одоо явагдаж байгаа Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийг  улс төржиж унагавал бид дахиад Арбитрийн шүүхэд дуудагдах магадлал өндөр байгаа.

"Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирал хэлж хийж байгаа бүхэндээ их итгэлтэй байна. Сэм Уолш удаан хугацаанд гацаанд ороод буй Оюутолгойн хоёр дахь шат буюу  газрын гүний олборолтыг эхлүүлэх талаар Монголын Засгийн газарт дахиж санал тавихгүй гэдгээ хэвлэлээр дамжуулж хэлчихээд буцлаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт өгсөн саналаа ”маш сайн” хэмээн тодотгож, үүнийгээ сүүлчийнх гэдгийг дуулгав.  Тэгэхээр энэ саналд дурдснаас илүүг бид эрэлхийлэх хэрэггүй болж байгаа юм байна.  

Амралтын өдөр тааруулсан энэ айлчлалаараа тэрбээр барьцаа улам чангалчихаад буцлаа.

 П.Булган

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ffff(202.72.246.106) 2015 оны 03 сарын 31

BLa bla bla Rio Tinto-s yundaa aidiin, Manai udirdlagiin archaagui baidlaas bolod l ingej daramtluulj bgaashd

0  |  0
zochin(122.201.24.121) 2015 оны 03 сарын 31

estoi busdiin baritsaand yalt ch ugui orson bololtoi

0  |  0
Top