Тавантолгойн хөрөнгө оруулагчдын гэрээг өнөөдөр эцэслэх бололтой

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Зургаа дахь жилийнхээ нүүрийг үзсэн Тавантолгойн хөрөнгө оруулалт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  эцэслэн шийдвэрлэгдэх магадлалтай боллоо.  Хэрэв санаснаар болох аваас монголчуудын хувьд том хүлээлтийнхээ ард нь гарч байгаа хэрэг. Нөгөө талаасаа эдийн засгийн зүтгүүр байх  байнгын хүчирхэг хөдөлгүүр асч байна гэсэн үг.

Ерөнхий сайд  өчигдөр хийсэн мэдэгдлээрээ “хоёр толгойг” гацаагаад байсан түгжээг тайлснаа дуулгалаа. Ч.Сайханбилэгийн хувьд он гарсаар нам гүмхэн талдаа байсан. Харин өчигдөр үүцээ задлав. Хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудаа тэрбээр иргэддээ дуулгаж байна. Ерөнхий сайд Тавантолгой, Оюутолгойгоос гадна Y цахилгаан станцын ажлыг энэ зундаа багтаж эхлүүлэх гэж байгаа гэсэн сайн мэдээг бас дуулгасан.

Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Концессийн гэрээг хэлэлцэж, талууд гэрээнд гарын үсэг зурна гэсэн мэдээлэл байна. Хөрөнгө оруулагч гурвал буюу  Монголын “Энержи ресурс”, Японы “Сумитомо”, Хятадын “ Шэнхуа” консорциумын тухайд  Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасан нөхцөлүүдийг биелүүлэх үүргийг хүлээж байгаа билээ. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний уурхайд нийтдээ 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барьж, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх, 2.5 жилд  багтаж Тавантолгойн нүүрсний ордод жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, орд газарт нэмэлт хайгуул хийх,  нөөцийг нэмэгдүүлэх, нүүрсээ гурав дахь зах зээлд гаргах  зэрэг шаардлага байсан.  Харин хэлэлцээрийн явцад шинээр Чалкогийн өрийг шийдвэрлэх асуудал консорциум дээр нэмэгдэж байгаа бололтой.

Ерөнхий сайд өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр Тавантолгойн хаөрөнгө оруулагчдын зүгээс 200 сая ам.долларын урьдчилгаа орж ирэх гэж байгааг дурдсан.

Төмөр замын тухайд гэвэл хөрөнгө оруулагчид 100 хувь өөрсдийн санхүүжилтээр барихаар төлөвлөж байгаа бөгөөд  урьд нь Чингис бондоос 208 сая ам.доллар, бусад санхүү, банкны байгууллагаас 20 сая ам.доллар, нийтдээ 300 сая ам.долларын санхүүжилт хийснийг эргүүлэн төлөх юм байна. 

Ерөнхий сайд өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр Тавантолгойн хаөрөнгө оруулагчдын зүгээс 200 сая ам.долларын урьдчилгаа орж ирэх гэж байгааг дурдсан. Ингэж тооцвол нийтдээ 500 сая буюу хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт консорциумын гурвалаас орж ирэхээр болж байна. Энэ бол эх орны эдийн засагт бараг нэг их наяд төгрөгийн эх үүсвэр шинээр бий болж байна гэсэн үг юм.  Тавантолгойн галт тэрэг хөдөлснөөр энэ хавраас барилга багйууламжийн ажил нь эхэлнэ гэж байгаа. Үүнийг дагасан дотоодын компаниудын ажил үйлчилгээ, ажлын байр гэхчлэн эдийн засгийн эрчимжилт нэмэгдэнэ. 

Төсөл Монголын хууль тогтоомжоор тогтоосон бүхий л татварыг төлнө. Гол татвар нь ашигт малтмал ашигласны нөөцийн татвар буюу роялти. Нүүрсэн дээр энэ татвар одоогоор таван хувь гэж байна. Зах зээлийн үнэ өндөр болбол энэ татвар найман хувь хүрч болдог гэнэ.

Түүнчлэн энэ хэлэлцээр амжилттай хэрэгжвэл 30 жилийн хугацаанд хамгийн багадаа  94 тэрбум ам.доллартай дүйхүйц ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн зарцуулна гэсэн  тоо баримт чих дэлсэж байгаа.

Тавантолгойн тухайд гэвэл та бидний хувь нийлүүлсэн компани гэдэг утгаараа илүү анхааралд өртөж байдаг. Ерөнхий сайдын  өчигдрийн хэлсэн үгэндээ “УИХ хэлэлцэн зөвшөөрвөл 1072 хувьцаа эзэмшиж байгаа нэг сая 800 мянган хүний ногдол ашигт зөвхөн энэ жил  гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломжтой” гэлээ.  Ямартай ч Тавантиолгойн эхний өгөөж өглөг энэ мэтээр тодорч эхлэх бололтой.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(119.40.98.162) 2015 оны 04 сарын 06

Худлаа даа, худлаа. Одоо үнэхээр итгэл алдарсаан

0  |  0
Top