”Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцааны үнэ өсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

Өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхэд ойрхон болсон талаар онцолсон билээ. Үүний дараа буюу даваа гарагт Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ 3.6 ам.доллар болж, 11.11 хувиар өслөө. 

Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойших сүүлийн зургаан сарын хамгийн өндөр үнэ болж байгаа юм. Өнгөрсөн Пүрэв гарагийн арилжаагаар тус хувьцаа 3.24 ам.долларын үнэтэй хаагдаж байв. Мөн өчигдөр нийт 10.5 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан нь өдөрт арилжаалагддаг дундаж хувьцааны тооноос 5 дахин их юм. Сүүлийн 5 өдрийн арилжаагаар тус компанийн хувьцааны үнэ 19 хувиар өсөөд байна.

Үүнээс гадна Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Энтрее Гоулд” компанийн хувьцааны үнэ урьд шөнийн арилжаагаар 46.1 хувь өсч, 0.38 канад доллар болжээ. Сүүлийн таван өдрийн арилжаагаар тус хувьцааны үнэ 80 хувиар өсөөд байна.

“Энтрее Гоулд” компани нь Оюутолгойн орд дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тус компанийн тусгай зөвшөөрлийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэх талаар хэлэлцээр хийгдэж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top