“Исламын улс” бүлэглэл Афганистаны “Талибан”-д жихад буюу ариун дайн зарласан тухай “Khaama Press” агентлаг мэдээлж байна.
“Исламын улс”-ын удирдагч Абу Бакр Аль-Багдади “Талибан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Мохаммад Омарыг шашин шүтлэгийн хувьд ч, улс төрийн хувьд ч итгэж хүндлэхэд бэрх ухаан муутай, ямар ч мэдлэггүй цэргийн жанжин гэж хэлсэн нь лалын хэт даврагч хоёр бүлэглэлийн хооронд зөрчлийн галыг асаажээ. Үүний хариуд талибуудын удирдагч мэдэгдэл хийж, “Манай бүлэглэлийн нэг ч гишүүн “Исламын улс”-д элсэхгүй. “Исламын улс”-ын далбаа Афганистаны тэнгэрт хэзээ ч дэрвэхгүй” гэсэн юм.
Хоёр бүлэглэлийн хооронд шууд мөргөлдөөн гарсан тухай мэдээлэл одоогоор ирээгүй ч Афганистаны Жалалабад хотод энэ сарын 18-нд 33 хүний аминд хүрсэн алан хядах ажиллагааг “Исламын улс” зохион байгуулснаа хүлээн зөвшөөрч, харин “Талибан” шүүмжлэн буруушаасан билээ.
“Исламын улс” нь 2006 онд Ирак дахь “Аль Кайда”-гийн хэт даврагч бүлэглэлүүдийг нэгтгэснээр үүссэн бөгөөд Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг хяналтдаа аван 2014 оны зун Мосул хотод төвтэй халифат улсыг зарлан тунхагласан юм. Харин “Талибан” хөдөлгөөн Афганистанд 1994 онд үүсч, 1996-2001 онуудад улс орноо захиран удирдаж байжээ. Өдгөө 27 мянга гаруй идэвхтэй байлдагч гишүүнтэй тус хөдөлгөөн Афганистаны нийт газар нутгийн 70 орчим хувийг хянадаг ажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Америкийн Нэгдсэн Улс Ирак, Сири, Лив зэрэг улсуудад болж байгаа аллагын эхлэлийн тавьсан хариуцлагаа хүлээх хэрэгтэй
ЭНЭ БОЛ ШАЛ ХУДЛАА МЭДЭЭ.ИСИС ТАЛИБАН ХООРОНДОО ЯМАР Ч ЗӨРЧИЛГҮЙ.АБУ БАКР ОМАР АЛЬ НЬ Ч ИЙМ ШАЛЬДАР БУЛЬДАР ЮМ ШАЛЧГИНАХ ХЭМЖЭЭНИЙ ХҮМҮҮС БИШ.ЯМАР МАНАЙ ЭРЧҮҮД БИШ ДЭЭ.ЭД ЧИНЬ АРСЛАНГУУД ШҮҮ ДЭЭ.ХУДЛАА ИЙМ ДЭМИЙ МЭДЭЭ ТАВИХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ТА НАР