Хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Нью-Йорк мужийн өндөр хамгаалалттай Клинтоны засан хүмүүжүүлэх газраас онц ноцтой хэргээр ял эдэлж байсан хоёр хоригдол оргож, АНУ битгий хэл Канад Улсыг айдаст автуулаад байв. Барууны хэвлэлүүдээр энэ тухай бодит амьдрал дээрх “Шоушенк орголт” гэх зэргээр бичиж, зарим нь Канад уруу хил давсан байж болзошгүй гэж таамаг дэвшүүлж байв. Тэгвэл энэ явдалтай холбогдуулан Канадын албаныхан ард иргэдээ тайван байхыг сануулсан ба АНУ-ын Нью-Йорк мужийн цагдаагийн газар хоёр хоригдлын мэдээллийг 100 мянган ам.доллар үнэлсэн юм. Хүн хөнөөж, басхүү мөчилснийхөө төлөө 25 жил болон бүх насаараа хоригдох ял сонссон 48 настай Ричард Мэтт болон 38 настай Дэвид Свит нарыг байж боломгүй аргаар оргоход гаднын ямар нэгэн туслалцаа байгаа гэдэгт итгэсэн шинжээчид уг хэрэгт шоронгийн ажилтан 51 настай Жойс Митчеллийг буруутай болохыг тогтоожээ. Жойс Митчелл өөрийн нөхрийг хөнөөлгөхөөр сүүлийн 150 жилд нэг ч удаа хоригдлууд оргож байгаагүй шоронгоос тэднийг оргуулсан бөгөөд хоригдлуудын нэг Дэвид Свиттэй амрагийн харилцаатай байжээ. Дашрамд дурдахад, одоо хүртэл хоригдлууд олдоогүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )