“Баригдашгүй Мохтар” амь үрэгдснийг Пентагон нотоллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 16

Хэрэв та санаж байгаа бол  хоёр жилийн өмнө буюу 2013 онын нэгдүгээр сард  Алжирын Аменас хийн үйлдвэр рүү алан хядагчид дайрч, 800 гаруй хүнийг барьцаалан, 40 гаруй хүний аминд хүрсэн хэрэг гарч байв.  Зэвсэгт дайчид  тэнд ажиллаж байсан алжирчуудыг суллаж харин гадаадын 9 улсын 37 иргэний амь насыг бүрэлгэсэн билээ.  Энэ алан хядах ажиллагааг зохион байгуулагч нь  “Цусан өшөө авагчдын батальон” гэж өөрсдийгөө нэрлэсэн  зэвсэгт бүлэглэлийнхэн байсан юм. Тэд Мали улсын хойд нутгуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байв.

Энэ бүлэглэлийн толгойлогч нь лалын ертөнцийн зартай алан хядагчдын нэг алжир гаралтай Мохтар Бельмохтар гэгч байв. Тэрбээр “Баригдашгүй Мохтар” хэмээн алдаршснаас гадна “Ганц нүдэт” гэдэг хочоороо танил болсон. Түүнчлэн тамхины хууль бус наймаагаараа ихэд  нэрд гарч “Мистер Мальборо” хочтой явсан нэгэн гэнэ. Тэр цагтаа “Исламийн  Магрибийн Аль-Каеда» террорист бүлгийн толгойлогч  байгаад «Аль-Мурабитун» исламист байгууллагыг удирдаж байв. Энэ байгууллагынхан  одоо ид эрч хүчээ аваад байгаа “Исламын улс”-ын үзэл бодолд үнэнч байгаагаа илэрхийлээд буй.

 

Мохтар Бельмохтарыг дэлхийн хэд хэдэн орон эрэн сурвалжилж байв. Түүний толгойн төлөө амалсан шагнал ч бага бус.

Өөрийнх нь ярьснаар бол 19 настайгаасаа эхэлж Афганистанд Зөвлөлтийн цэргийн эсрэг тулалдаж явжээ. Тэгж явахдаа өрөөсөн нүдээ алдсан гэнэ. Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарсны дараа тэрбээр эх орондоо эргэн ирж, Алжирын Засгийн газрыг эсэргүүцсэн “Исламын зэвсэгт бүлэглэл”-д элсчээ.  Улмаар 1998 онд хээрийн цэргийн командлагч болсон байна.

Ийм нэгэн зартай алан хядагч Мохтар Бельмохтар Ливид амь үрэгдсэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр дуулдаж эхлээд байгаа юм. Ливийн засгийн газрын мэдээлснээр террорист бүлгийн удирдагч Мохтар Белкомар болон түүний дайчдыг Ливийн зүүн мужид  байх үед нь АНУ  агаарын цохилт өгч хөнөөсөн гэх мэдээллийг анх дамжуулсан юм. Гэхдээ энэ мэдээлэл нотлогдоогүй байв. Учир нь Мохтар Бельмохтарыг  хөнөөсөн гэх мэдээлэл өмнө нь нэг бус удаа гарч байсан ч тэр бүгд худлаа байсан.  Харин Пентагон өнөөдөр Мохтар Бельмохтар Ливид  бөмбөгдөлтийн үеэр амь үрэгдсэн болохыг албан ёсоор нотоллоо.

Америкийн агаарын хүчнийхэн Ливийн  зүүн мужид Бенгаази хотоос 160 км-ийн зайд  байсан тухайн районд  агаарын цохилт өгчээ. Тэнд Мохтар Бельмохтар алан хядагч байгууллагуудад хамаардаг  зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгчидтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байжээ.  Энэ тухай урьдчилан мэдээлэлтэй байсан учир агаарын цохилт төлөвлөсөн зорилгоо амжилттай биелүүлжээ.  АНУ-ын агаарын цэргийн хүчний F-15 онгоц  энэ дайралтад орж 225 кг бөмбөг хэрэглэсэн гэх мэдээлэл байна.

АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Стив Уоррены хэлснээр ажиллагаа амжилттай болсон бөгөөд агаарын цохилт өгөх асуудлыг Ливийн Засгийн газартай урьдчилан тохиролцсон гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pop(71.94.145.3) 2015 оны 06 сарын 17

ymar geechiin utaggui bichdiin be???? baisan? gene? wtf

0  |  0
t(183.81.169.22) 2015 оны 06 сарын 16

Laliin shashin shutdeg humuus yagaad iim hargis bdg bnaa. Iim hunleg bus shashin bas bdgiin bhda.

0  |  0
Top