Жеб Буш уу, Хиллари Клинтон уу

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Дөрвөн жилд нэг удаа болдог АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа уламжлал ёсоор жил гаруйн өмнө эхэлж, Цагаан ордны шинэ тэргүүний төлөө өрсөлдөх хүмүүс нэрээ дэвшүүлсээр байна.

Хамгийн сүүлд АНУ-ын нэртэй бизнесмэн, тэрбумтан Дональд Трамп Төрийн тэргүүний сунгаанд нэрээ дэвшүүлж байгаа зарласан юм. Хоёр намын системтэй АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн төлөө нэр дэвшүүлсэн эрхмүүд Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам дотроо өрсөлдөж, нэг нэг ялагч Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө. Үүний хажуугаар бие даагчид өрсөлдөх боломжтой ч өмнөх түүхүүдийг харвал энэ бараг боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хоёр намаас л Төрийн тэргүүн сонгогдож иржээ. Энэ удаагийн өрсөлдөөнд 20 орчим улстөрч, бизнесмэн, шашны тэргүүн нэрээ дэвшүүлсэн ч гол өрсөлдөөнд Ардчилсан намын Хиллари Клинтон, Бүгд найрамдах намын Жеб Буш, Дональд Трамп нарын дунд өрнөх болов уу.

Судалгаагаар Ардчилсан намаас нэг номероор Төрийн нарийн бичгийн дарга асан, экс Тэргүүн хатагтай Хиллари Клинтон тодрох магадлалтай байгаа бол Бүгд найрамдах намаас экс Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Буш тодрох магадлалтай байсан. Гэхдээ Нью-Йоркын алдарт иргэн Дональд Трамп нэрээ дэвшүүлснээр Бүгд найрамдах нам доторх таамгийг будлиантуулж орхисон. Хэдий тийм ч түүнийг Жеб Бушийг ялж чадахгүй гэж улстөрийн хүрээнийнхэн таамаглаж байна. Флорида мужийн амбан захирагч асан Жеб Буш 41 дэхь Ерөнхийлөгч Жорж Уокер Бушийн хоёр дахь хүү, 43 дах Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү бөгөөд одоо амьд сэрүүн байгаа дөрвөн Ерөнхийлөгчийн хоёр нь Жорж Уокер Буш болон Жорж буш юм. Үүнээс гадна Жорж Бушийн үед АНУ-д дэлхийд тэргүүлэгч гүрэн болсон нь Жеб Бушт томоохон нөлөө болж байгаа юм. Харин Бүгд найрамдах намыг харьцангуй зөөлөн гэгддэг Ардчилсан нам буюу Барак Обамагийн үед АНУ дэлхийд тэргүүлэгч байр сууриа алдаж, улс оронд олон хямрал үүссэнд ард иргэд ихээхэн дургүйцэж АНУ-ыг дахин дэлхийд тэргүүлэгч гүрэн болгохыг хүсч байгаагаа нуугаагүй юм. АНУ-ын түүхэн дэх хамгийн муу чансаатай Ерөнхийлөгч гэгдэх болсон Барак Обамагийн үед АНУ ОХУ-д дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн байр сууриа алдаж, Хятадад дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай орны суудлаа булаалгасан юм.

Тэгвэл экс Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтоны хувьд Жеб Бушаас илүү улстөрийн тавцанд нэр хүндтэй. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон дэлхийн гүрнүүдийн удирдагчтай олон удаа уулзсан, байр суурь болон бодлогыг нь мэдэх нэгэн. Тэгэхээр Хиллари Клинтон Жеб Бушийн хүчтэй өрсөлдөгч яах аргагүй мөн. Ямартай ч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд болох бөгөөд энд ялалт байгуулсан нэр дэвшигч 2017 оны нэгдүгээр сарын 20-нд Төрийн тэргүүний тангаргаа өргөнө. Учир нь АНУ-ын Үндсэн хуулийн дагуу гурав дахь удаагаа сонгогдох эрхгүй одоогийн Ерөнхийлөгч Барак Обама албан үүргээ шилжүүлэн өгөх юм.            

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top