Пакистанд хэт халсны улмаас ганцхан өдрийн дотор 130 хүн амиа алдаж, 54 хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн ба амиа алдсан 130 хүний 119 зөвхөн Карачи хотынх гэж тус улсын албаныхан мэдээллээ. Мөн хэт халуунтай зэрэгцэн Карачи хотод цахилгаан тасарсан нь иргэдийг бухимдуулах болсон байна. Учир нь цахилгаан тасарсны улмаас Карачигийн ус ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаа доголдож, усны хомсдол бий болжээ. Үүний улмаас Пакистаны хамгийн олон хүн амтай хотуудын нэг Карачигийн хэд хэдэн газарт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Цаг уурчдын хэлснээр Карачи хотод өчигдөр 45 хэм хүртэл халсан ба хүн ам шигүү, цөлөрхөг Карачи хотод иргэд сэрүүцэх газар болон ундны ус хомс байгаагаас ийнхүү ганцхан өдрийн дотор 130 хүн амь насаа алджээ. Одоогийн байдлаар Карачи хотын 14 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Дашрамд дурдахад, Карачи хотод хамгийн сүүлд 1979 онд 47 хэм хүрч байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )