Хойд Солонгос Оюутны наадмыг бойкотложээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

Хойд Солонгос Өмнөд Солонгост болох Оюутны наадамд өөрсдийн баг, тамирчдаа оролцуулахаа больжээ. Хойд Солонгосын эрх баригчид Сөүлд НҮБ-ын Хүний эрхийн байгууллага үүд хаалгаа нээж байгааг эсэргүүцэн ийнхүү ирэх сард болох Оюутны наадамд оролцох өөрсдийн баг тамирчдаа явуулахгүй болсноо мэдэгдсэн аж. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо нээгдэж буй НҮБ-ын Хүний эрхийн байгууллага Хойд Солонгосын хүний эрх, эрх чөлөөний хэм хэмжээг судлахаар байгуулагдаж байгаа аж. Угаас хүний эрх, эрх чөлөө дээд зэргээр зөрчигддөг Хойд Солонгос маргааш буюу зургадугаар сарын 23-нд нээгдэх НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын Өмнөд Солонгос дахь салбарыг эсэргүүцэх нь аргагүй биз. НҮБ аль өнгөрсөн оноос уг оффисоо нээхээр ажилласан юм. Ямартай ч, Оюутны наадам нь олон спортын төрлөөр явагддаг бөгөөд бага олимп гэхэд болно. Хойд Солонгосын албаныхан Өмнөд Солонгосын Гванжу хотод болох уг наадамд оролцохгүйгээ Олон улсын Оюутны спортын холбоонд мэдэгдсэн аж. Үүнээс өмнө Хойд Солонгос Сөүлд болсон 1986 оны Азийн наадам, 1988 оны Зуны Олимпийг бойкотлож өөрсдийн баг тамирчдаа илгээхээс татгалзаж байжээ. Уг нь Хойд Солонгосын тал Өмнөд Солонгосын албаныханд Оюутны наадамд спортын 33 төрөлд 75 тамирчин илгээнэ гэж мэдүүлэг өгсөн байжээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top