Бурхан Халдуныг Дэлхийн өвд бүртгэх асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Их эзэн Чингис хааны онголон тахидаг байсан Бурхан Халдун хайрханд монголчууд бид хайртай. Тиймээс энэ уулыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр эртнээс хөөцөлдөж эхэлсэн. Тэгвэл наадмын өмнө буюу долдугаар сарын 4-нд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо энэ асуудлаар хэлэлцэж хариу өгөхөөр боллоо.

ЮНЕСКО буюу НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Дэлхийн өвийн хорооны 39 дэх удаагийн чуулга уулзалт өнгөрөгч зургадугаар сарын 28-нд Германы Бонн хотод эхэлсэн бөгөөд долдугаар сарын 8-нд өндөрлөх аж.

Монгол Улс энэ чуулга уулзалтад Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлэх асуудлаар санал тавьж, үүнд Дэлхийн өвийн хороо долдугаар сарын 4-нд хэлэлцэхээр болсон тухайгаа илэрхийлсэн хариу өгчээ.

Ямартай ч, эртнээс ийм хүсэлт авч байсан Дэлхийн өвийнхөн Байгаль хамгаалах олон улсын холбоо /International Union for Conservation of Nature/ болон Хөшөө дурсгал болон Дурсгалт газрын олон улсын зөвлөл /International Council on Monuments and Sites/-ын мэргэжилтнүүдийг өнгөрсөн онд Монгол Улс илгээж, Бурхан Халдуныг судлуулжээ.

Тэд эерэг дүн өгсөн ч зөвхөн зөвлөх байгууллага. Тиймээс эцсийн шийдвэр манай талд гэж хараахан бодож болохгүй гэнэ. Юутай ч, долдугаар сарын 4-нд эцсийн шийдвэр гарах юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл манай Засгийн газрын төлөөлөгчид Дэлхийн өвийн 39 дэх удаагийн чуулга уулзалтад оролцохоор Германыг зорьсно байна. Тэднийг сайн мэдээтэй ирэхийг хүлээ л үлдэж байна.     




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top