Туркт Монгол залуу өөрийгөө боомилон нас баржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Энэ сарын 1-ний өдрийн өглөөний 10:00 цагийн үед Турк улсын хамгийн том хот болох Стамбулд Монгол Улсын иргэн эрэгтэй цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжлөөр өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан аж.

Энэ тухайн тус газрын цагдаа нар монголчуудад хэлжээ. Талийгаач өөртөө хуурамч нэр өгөхийн зэрэгцээ Стамбулд “Mgltown” нэртэй компани хууль бусаар ажиллуулж тэндэх монголчуудаас онгоцны билет хямд зарах, мөнгө гуйвуулах, карго явуулах зэрэг үйлчилгээ нэрийн дор их хэмжээний бэлэн мөнгө авч залилсан бөгөөд тэдний гомдлын дагуу Стамбулын цагдаа нар түүнийг олж баривчилсан аж.

Гэсэн ч Монголын иргэн Стамбулын “Куштепе” цагдаагийн хэлтэсийн түр саатуулах байранд өөрийгөө боомилжээ. Хэдийгээр цагдаа нар түргэн тусламж дуудаж ирсэн боловч Монгол залуу хэдийнэ амьсгал хураасан байсан аж. Тухайн үед талийгаачийн биед ямар нэгэн бичиг баримт байгаагүй байна. Албан бус эх сурвалжуудын мэдээллээр түүний жинхэнэ нэр нь Төөмөө овогтой Дамдиндорж гэх бөгөөд Монгол Улсад мөн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байж болзошгүй аж.

Түүнд залилуулсан маш олон Монгол иргэн байгаа бөгөөд ихээхэн хэмжээний бэлэн мөнгө залилсан нь тогтоогджээ. Түүнчлэн Стамбулын цагдаа нар тэндэх Монгол оюутан залуустай хамтран ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн Төөмөө овогтой Дамдиндорж гэх талийгаачийн эхнэртэй утсаар холбогдсон боловч өөрийн болон нөхрийнхөө жинхэнэ нэрийг хэлэхээс татгалзжээ. Одоогоор талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулан шүүх эмнэлэгт хадгалж байгаа юм байна.

Мөн талийгаачийн талаарх мэдээллийг Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж зураг бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа, хурууны хээний дардас зэргийг авч явуулахаар Гадаад хэргийн яам ажиллаж байгаа юм байна. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэж, шарилыг Монгол руу авах эсэхийг тодруулан ажиллаж байгаа ажээ.





Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top