Энэ сарын 12-ны шөнө Буриадын нийслэл Улаан-Үд хотод “Asiarussia.ru” сайтын редакторын амь насанд халдахыг завдсан ноцтой хэрэг гарчээ.
Сүүлийн үед нэлээд амжилттай яваа “Asiarussia.ru” сайтын редактор Евгений Хамагановыг өнгөрөгч 12-ны шөнө гэрлүүгээ орох замд нь буюу орцонд нь гэмт этгээдүүд отож байгаад араас нь толгой уруу нь хүнд зүйлээр цохиж ухаан алдуулаад зөвхөн толгойн хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр хүнд гэмтээсэн байна. Азаар Евгений Хамаганов амьд үлдсэн ч тун хүнд бэртжээ.
Тэрбээр тухайн өдөр “Шөнийн Ёхор” наадмыг сурвалжлаад ийнхүү гэртээ харьжээ. Урьдчилсан оношлогоогоор Евгений Хамагановын толгой болон хүзүүний ясанд гэмтэл учирсан бөгөөд гэмтлийг хүнд зэрэгт оруулан тооцож байна.
Одоо Евгений Хамаганов Улаан-Үдийн Смешкагийн нэрэмжит эмнэлэгийн тархи мэдрэлийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор хөл гарын хуруу хөдөлж байгаа, мөн бага зэрэг ярьж байна. Гэвч түүнийг огт хөдөлж болохгүйг эмч нар сануулсан аж. Гэмт хэрэгтнүүд түүнээс гар утас болон тэмдэглэлийн дэвтэр зэргийг авсан боловч багагүй хэмжээний мөнгөтэй хэтэвчийг нь аваагүй байна. Одоогоор Буриадын мэргэжил нэгтнүүд нь түүнд чадах ядахаараа тусалж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )