Австралийн судалгааны “Institute for Economics and Peace” байгууллага жил бүр гаргадаг Global Peace Index буюу ард иргэдийн тайван амгалан амьдрах орчин бүрдүүлсэн орнуудын рейтингийг гаргасан байна. Манай гаригийн 162 орноос Исланд хамгийн тайван орноор тодорч жагсаалтыг тэргүүлжээ. Айргийн тавд Дани, Австри, Шинэ Зеланд, Швейцари улсууд орсон байна.
Том гүрнүүдээс Их Британи 39, Франц 45, АНУ 94 дүгээр байрт орсон гэнэ. Украин 150, Белорусь 110 дугаар байрт жагссан байна.
Манай умард хөрш ОХУ 152 дугаар байр орж хамгийн аюултай 10 орны тоонд оржээ. Хүн амьдрахад хамгийн аюултай энэ 10 орны тоонд Нигери, Умард Солонгос, Пакистан, Ардчилсан Конго, Судан, Сомали орнууд ороод Ирак, Сири улсууд жагсаалтыг цоожилч байна.
Орос 2013 онд 153 дугаарт орж байсан бол 2014 онд мөн л 152-т орж байжээ.
Судалгаа гаргахдаа 23 үзүүлэлт харгалзсаны дотор хүчирхийлэл, гэмт хэрэг, зэвсэглэл болон батлан хамгаалахад зарж байгаа хөрөнгө, хөрш улсуудтайгаа харилцах харилцаа, зэвсэгт мөргөлдөөн, дүрвэгсэд, хүний эрхийг хангах талаар засгийн газрын бодлого зэргийг оруулсан байна. Хамгийн гол үзүүлэлтээр “хүчирхийлэл” гэдгийг авч үзээд улс орны дотоод дахь хүчирхийллээс гадна, гадаад орнууд руу түрэмгийлэх бодлогыг авч үзжээ.
Шинжээчид манай гариг дээрх хамгийн тайван газар нутгаар Европыг тодруулсан нь дэлхийн хамгийн амгалан тайван 20 орны 15 нь энэ тивд байдгийг харгалзжээ. Энд аллага буурсан, цэргийн зардлаа бууруулсан, европын улс орнууд Ирак, Афганистанаас цэргээ гаргасан зэрэг нь нөлөөлсөн байна.
Харин хамгийн тайван биш бүс нутгаар Умард Африк, Ойрхи Дорнод тодорсон байна. Энд алан хядагч зэвсэгт бүлэглэлүүд эрчимтэй өсч байгаа, улс орнуудад нь зэвсэгт мөргөлдөөн байнга гарч байгаа гэжээ.
Institute for Economics and Peace-ийн мэргэжилтнүүд хүн төрөлхтөн хүчирхийлэлд нийтдээ 1,4 их наяд доллар зарцуулж байгаа нь дэлхийн Дотоодын нийт бүтээгдхүүний 13,4 хувь болж байна гэсэн тооцоо гаргажээ.
Өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулахад Ливи 136 дугаар байрнаас 149, Украин 142 дүгээр байрнаас 150 дугаар байр луу шилжиж эрс ухарсан дүн гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )