-НҮБ: “2100 он гэхэд дэлхийн хүн ам 11,2 тэрбумд хүрнэ”-
Дэлхийн хүн амын чиг хандлагын тухай НҮБ-ын шинэ тайланд Энэтхэг улс 2022 он гэхэд дэлхийн хамгийн их хүн амтай улс болох Хятадыг гүйцэж түрүүлнэ гэж таамаглаж байна. Мөн Нигери улс 2050 оны орчимд хүн амын тоогоороо дэлхийд гуравт орж байгаа АНУ-ын байр сууринд очно гэж тайланд бичжээ.
Ирэх 35 жилд дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь Африк тивд явагдах төлөвтэй байна. Одоогийн 7,3 тэрбум хүн ам 2050 онд 9,7 тэрбумд, 2100 он гэхэд 11,2 тэрбумд хүрнэ гэсэн төлөв байдлыг мөн шинэ судалгаанд үзүүлжээ.
2015-аас 2050 оны хооронд дэлхийн хүн амын өсөлтийн тэн хагас нь Энэтхэг, Нигери, Пакистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Этиоп, Танзани, АНУ, Индонези, Уганда гэсэн есөн улсад төвлөрөх төлөвтэй байна гэж тайланд бичсэн байна. НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар, Африкийн 28 улсын хүн ам 2100 он гэхэд хоёр дахин өсөх төлөвтэй байгаа юм.
НҮБ-ын Хүн амын хэлтсийн захирал Жон Уйльмот “Буурай улсууд дахь хүн амын өсөлтийн төвлөрөл нь ядуурал, тэгш бус байдлыг арилгах, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалтай тэмцэхэд нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Цэвэр Ус болон хүнсний хэрэглээгээр хязгаарлагдах л байлгүй