Тяньжиний дэлбэрэлтийн улмаас аль хэдийнэ 139 хүн амиа алдаад байгаа билээ. Мөн 34 хүн ор сураггүй болж, нас барсанд тооцогдож байна. Гэхдээ эдгээр 34 хүнээс тусдаа 12 хүн амиа алдаж болзошгүй гэнэ. Хятадын цагдаа нар 139 хүний үхэлд холбогдуулан “Tianjin International Ruihai Logistics Co. Ltd” компанийн захирал, дэд захирал, гурван менежер зэрэг нэр бүхий 12 хүнийг баривчилсан бөгөөд тэдэнд цаазын ял оноохыг амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн шаардаж байна. 139 хүн дээр нэмэх нь 34 хүний үхлээс гадна олон мянган хүний эрүүл мэнд, олон сая загас, ан амьтан, асар их эдийн засгийн хохирол, ирээдүйд учирч болох хохирол гээд тоолж, нөхөж барамгүй хохирол учруулсан тэд дээрх ялаас бараг мултрах боломжгүй юм. Бээжин хотоос зүүн өмнө зүгт ердөө 120 км-ийн зайд орших боомт хот Тяньжиний үйлдвэрийн бүсэд болсон гурван удаагийн дэлбэрэлтийн улмаас асар их хохирол учраад байгаа бөгөөд албаныхны хэлснээр 700 тонн цианит натрий /маш хортой химийн бодис/ дэлбэрсэн юм. Уг бодисыг хадгалж байсан агуулах энэ сарын 12-нд дэлбэрч, улмаар 15, 17-ны өдрүүдэд дахин дэлбэрсэн юм. Гэхдээ өмнөхөөсөө илүү хүчтэй байсан энэ хоёр дэлбэрэлт аж үйлдвэрийн бүс доторх ойролцоох үйлдвэрүүдийн өмч болон ажилчдыг юу ч үгүй хуйхалж орхижээ. Багахан хэмжээний цөмийн бөмбөг хаясантай дүйхүйц хэмжээний дэлбэрэлт, хорын улмаас өдгөө ийм хэмжээний хохирол учирсан ч хойшид үүнээс дутахааргүй хор хөнөөл дагуулна гэдгийг эрүүл мэндийн идэвхтнүүд сануулж байна.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 0 )