АНУ-ын “Нью Йорк Пост” сайтад Өмнөд Солонгосын Засгийн газрын гишүүний судалгааны дүнг мэдээллээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын эрх баригч намын гишүүн Хон Мун По Өмнөд Солонгосын караоке бааруудад Хойд Солонгосын эх оронч дуунуудыг дуулдаг болохыг тогтоожээ. Тэрбээр нийслэл Сөүл хотын төвийн караоке бааруудад Хойд Солонгосын эх оронч дуунуудыг дуулдаг хэмээв. Хон Мун По Өмнөд Солонгост цагаачлан орж ирсэн Хойд Солонгосчуудыг хөлслөн авч нийслэл хотын бүсэд байрлах караоке баарууд дахь дууны сонголтод Хойд Солонгос дуу байгаа эсэхийг шалгуулсан аж. Тэгэхэд Хойд Солонгосчууд "Long live Kim Jong Il", "Glory dear leader", "Good to live in the national Paradise" зэрэг Хойд Солонгос Улс болон тус улсын удирдагчийг магтан дуулсан цөөнгүй дууг Сөүл хотын караокенуудын номын жагсаалтаас олжээ. Хон Мун По үүнд ихэд дургүйцэн “Караоке машинууд бидний оюун бодлыг сүйтгэж байна. Манай 50 сая иргэн үүнд автаж, оюун бодлоо хордуулж байна” гэж хэлжээ. Үүнээс улбаатайгаар хоёр орны харилцаа дахин муудж магадгүй юм. Наймдугаар сарын 21-нд Өмнөд Солонгос, Хойд Солонгос улсууд хоёр орны хоорондох хурцадмал байдлыг намжаахыг харилцан зөвшөөрсөн бөгөөд олон цаг хэлэлцсэн энэхүү хэлэлцээрийн дүнд Өмнөд Солонгос Хойд Солонгосын эсрэг чиглэсэн суртал, ухуулга зогсоохоо амалсан. Хариуд нь Хойд Солонгос хоёр орны хилийн бүсийн ойролцоох газар доорхи уурхайнуудад дахин хохирол учруулахгүй гэдгээ илэрхийлээд байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )