Дэлхий нийтийг цочироосон Есдүгээр сарын 11

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

Өнгөрсөн 2001 оны есдүгээр сарын 11-ны өдөр дэлхий нийтийн цочироосон аймшигт халдлага болсон билээ. АНУ-ын иргэний агаарын тээврийн дөрвөн нисэх онгоцыг террористууд барьцаалан халдлага үйлдсэн юм. Аймшигт халдлагын дараа хүмүүсийн ялангуяа америкчуудын амар тайван амьдралын хэмнэл, хэв маягт өөрчлөлт орсон. Дэлхий дахин “террорист”, “терроризм”, “аль-Каида” гэж юу болохыг илүү сайн мэдэх болсон юм.

Энэхүү алан хядах ажиллагааны улмаас 3000 орчим хүн амиа алдаж, 6000 гаруй хүн шархдан, хамгийн багаар бодоход 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Түүнчлэн амиа алдагсад дан ганц АНУ-ын иргэд байсангүй, дэлхийн 90 гаруй орны иргэд байсан юм.

Амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж 2011 онд ихэр цамхагийн суурин дээр усан сан бүхий цогцолбор, музейг нээсэн билээ. Мөн “Дэлхийн худалдааны төв 4” нэртэй 298 метр өндөртэй барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм.

 Гэвч энэ аймшигт халдлагыг “Аль Каида” бүлэглэл үйлдсэн үү, аль эсвэл АНУ өөрсдөө зохион байгуулсан уу гэдэг нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байдаг юм. Есдүгээр сарын 11-ний халдлага гарсны дараа Ерөнхийлөгч Жорж Буш Ойрхи Дорнодын алан хядагчдад хандаж хатуухан мэдэгдэл хийсэн бөгөөд үүнийгээ ч баталж 2001 оны аравдугаар сарын 7-нд АНУ-ын цэрэг Афганистан дахь талибын дэглэмийг устгах, алан хядагч Осама Бен Ладены эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Харин нисэх онгоц барьцаалсан халдлагаас хойш америкчууд тэнгэрээр биш газраар зорчихыг илүүд үзэх болсноор авто ослын тоог нэмэгдүүлжээ. Олон улсын нисэх буудлууд ч хамгаалалтаа чангатгаж, зорчигчдын бие, тээш зэрэгт нарийн үзлэг шалгалт хийх болов. Мөн жуулчдыг АНУ-ын “Цагаан ордон”-ы өмнөх өргөн чөлөөгөөр автомашинтай зорчихыг хоригложээ.

Түүнчлэн  “NBC News”-ээс явуулсан судалгаанаас үзэхэд нийт судалгаанд оролцогчдын 47 хувь нь АНУ-ын дахин террорист халдлагад өртөх магадлалтай гэдэгтээ санал нийлж байна гэж хариулжээ. Мөн “ISIS”-ийн зэвсэгт босогчдын эсрэг цэргийн үйл ажиллагааг судалгаанд оролцогчдын 61 хувь нь дэмжсэн бол Ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад бодлогыг ердөө 32 хувь нь дэмжиж байна гэж хариулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top