2001 оны 9 сарын 11-ний аймшигт халдлагаас хойш 14 жил өнгөрч байна. Тухайн өдөр АНУ-ын Нью Йорк болон Вашингтон хотууд руу Аль Кайда террорист байгууллагын гишүүд нисэх онгоц барьцаалан халдлага хийж, Дэлхийн худалдааны төвийн их хоёр барилгыг мөргөсөн бол өөр нэг онгоц Пентагоны төв байрыг мөргөж шатаасан юм. Харин алан хядагчдад барьцаалагдсан дөрөв дэх онгоц зорилгоо биелүүлж чадалгүй Пенсильвани мужийн Шенксвилл хотын ойролцоох талбайд унасан түүхтэй. Уг нь энэ онгоц АНУ-ын Крнгрессийн байрыг мөргөх төлөвлөгөөтэй байсан гэдэг. Энэ алан хядах ажиллагаанд Аль Кайдагийн 19 амиа золиослогч гишүүн оролцсон хожим тодорхой болсон юм. Тэр өдрийн өглөө дээрхи 19 алан хядагч дөрвөн бүлэгт хуваагдаж, зорчигч тээврийн дөрвөн онгоц барьцаалжээ. Бүлэг бүрт нислэгийн анхан шатны мэдлэгтэй дор хаяж нэг алан хядагч явсан гэдэг.
Эдгээр халдлагын улмаас 2974 хүн амиа алдаж, 24 нь сураггүй алга болсон билээ. Амиа алдагсдын ихэнх нь энгийн номхон иргэд байсан юм.
Халдлагаас хэдхэн цагийн дараа Холбооны мөрдөх товчооноос алан хядлагад сэжиглэгдэж байгаа хүмүүсийн нэрийг зарласан бол Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Германы мөрдөх агентлаг Осама бин Ладеныг нэрлэж байлаа. Энэ халдлагын мөрдлөг бол тус агентлагийн түүхэн дэх хамгийн том мөрдлөг байжээ. “PENTTBOM” хэмээх нэрээр кодлогдсон энэхүү ажиллагаанд нийт 7000 гаруй ажилтан оролцсон байдаг.
Осама бин Ладен 1998 онд Америкийн эсрэг жихад /ариун дайн/ зарлаж байгаагаа мэдэгдэж байжээ. 2004 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Аль-Жазира” сувгаар цацсан мэдэгдэлдээ Осама бин Ладен 19 алан хядагчийг шууд удирдаж байснаа зарласан байдаг. Тэрээр “Бид шударга бус байдлыг тэвчдэггүй эрх чөлөөт ард түмэн. Бас бид өөрийн үндэстэндээ эрх чөлөөг эргүүлэн авч ирэх хүсэлтэй учраас халдлага үйлдсэн” гэж энэ үзеэрээ мэдэгджээ. Хожим мөрдөн байцаалт болон шинжээчдийн дүгнэлтээр дээрх алан хядах ажиллагааг зохион байгуулахад ердөө 500 мянган ам.доллар зарцуулсан гэсэн тоо баримтыг тооцож гаргаж байв.
Харин энэ халдлагнын шууд материаллаг хохирлыг Олон улсын валютын сангаас 21.4 тэрбум ам.доллараар үнэлжээ.
Өнөөдөр энэ балмад алан хядах ажиллагааг дэлхий нийтээр эмгэнэн санаж байна. Гайхалтай нь өнөөдөр Ихэр хоёр цамхаг байсан газарт солонго татж байгааг гадаадын хэвлэлийн агентилагууд мэдээлж гэрэл зургийг нь нийтэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )