Өмнөд Америкийн Чили улсын төв хэсэгт 8.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс онц байдал зарлаад байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 11 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтийн голомт нийслэлээс баруун зүгт 232 км орчим зайтай далайн эргийн 10 км-ийн гүнд байсан юм. Газар хөдлөлтийн голомт нийслэлттэй ойр байснаас Сантьяго хотод чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ. Гурван минут орчим үргэлжилсэн 8.3 магнитудын газар хөдлөлтөнд 500 гаруй байшин барилга гэмтэж, нурсан байна. Мөн 90 мянга орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.
Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелет өчигдөр газар хөдлөлтийн гамшигт өртсөн Кокуймбо хотноо очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Харин өнөөдөр Чили даяар газар хөдлөлтийн дараах цэвэрлэгээг эхлүүлсэн байна.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Чили, Перу, Хавай, Калифорни, Шинэ-Зеландын эрэг дагуу цунамийн гамшиг үүсч магадгүйг сэрэмжүүлж байв. Газар хөдлөлтийн голомтод ойр Чилийн далайн эрэг дагуу далайн давалгаа 4.7 метр байсан бол алс холын Аляскад хагас метрийн өндөртэй давалгаа үүсчээ. Чилид болсон 8.3 магнитудын газар хөдлөлт энэ оны хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна.
Өмнө нь 2010 онд Чилид 8.8 магнитудын газар хөдлөлт болсноос 500 гаруй хүн амь үрэгдэж байв.
Сэтгэгдэл ( 0 )