Хятадын ДНБ энэ жил 7 хувийн өсөлттэй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 24

Өнөөдөр нийтэлсэн Хятадын Төв банкны тайланд энэ жил тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7 хувиар өсөх бөгөөд энэ нь өмнөх оноос 0.3 хувиар буурсан аж.

“Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан болон дэлхийн зах зээл дээр байдал тодорхойгүй байгаагаас шалтгаалан тус улсын аж үйлдвэрийн салбарын өсөлт оны эцсийн байдлаар саарна” гэж уг баримт бичигт дурдаж байна.

Хятадын банкны шинжээчдийн онцлон тэмдэглэж буйгаар, хэдийгээр тус улсын Ардын банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж байгаа боловч дунд болон урт хугацааны зээл авахад урьдын адил хүндрэл бэрхшээл хэвээр байгаа аж.

“Зээл олгоход хөрөнгө мөнгө дутагдаж байгаа, мөн Хятадын Засгийн газар байгаль орчныг хамгаалахад тавьж буй шаардлагаа чангатгаж байгаа нь тус улсын аж үйлдвэрийн уламжлалт салбарт техникийн шинэчлэл хийх үйл явцыг удаашруулж байна” гэж тайланд дурджээ.

Харин тус улсын инфляцийн түвшний гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индексийн өсөлтийн хурдац 1.6 хувь байх бөгөөд энэ нь 2014 оныхоос 0.4 хувиар буурсан үзүүлэлт аж.

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац аажмаар удааширсаар байгаа юм. 2010 онд энэ үзүүлэлт 10.4 хувь, 2011 онд 9.2 хувь, 2012 онд 7.8 хувьтай байв. 2013 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 7.7 хувь хүртэл удааширсан бол өнгөрсөн онд 7.3 хувьтай байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top