Хятадын цагдаа нар гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг 3 сар үргэлжилсэн томоохон ажиллагаа явуулжээ. Хонконг, Макао болон Гуанжоу мужид 15 удаа тусгай ажиллагаа зохион байгуулсан бөгөөд нийтдээ 19 мянган гэмт хэрэгтнийг баривчилсан гэж BBC агентлаг мэдээлсэн юм.
"South China Morning Post" сонинд бичсэнээр, зөвхөн Гуанжоу мужид л гэхэд хар тамхины хэрэгтэй холбоотой 11 мянга гаруй хүн баривчлагдсан байна. Түүнчлэн Хонконгод 7500 байранд нэгжлэг явуулж хар тамхи, хууль бусаар хил давуулсан эд зүйл, зэвсэг болон 102 сая хонконг долларыг бэлнээр хурааж авчээ.
Баривчлагдсан этгээдүүд мөрийтэй тоглоом, биеэ үнэлэх, хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэргийн сэжигтнүүд юм байна. Тэдний дотор Хятадын томоохон мафийн бүлэглэлийн гишүүд, улс төрийн өндөр албан тушаалтнууд багтсан гэж Синьхуа агентлаг уламжилжээ. Ийнхүү Хятад улс гэмт хэрэгтнүүдэд цээрлэл хүлээлгэж, “төмөр нүүр”-ээ харуулах томоохон ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )