В.Путин Обама нар уулзлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 29

 Өчигдөр буюу даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар товлосон ёсоороо НҮБ-ын төв байранд уулзлаа. Энэ удаагийн уулзалт 2013 оны зургадугаар сараас хойш болж буй анхны албан ёсны уулзалт юм.

Урьдчилан мэдээлж байснаар уулзалтыг 55 минут үргэлжилнэ гэж төлөвлөж байсан юм. Гэвч хоёр Еоөнхийлөгчийн уулзалт  товлосон цагаас хэтэрч  100 гаруй минут үргэлжилсэн тухай  Итар-Тасс агентлаг мэдээллээ. Тэд хаалттай хэлэлцээр эхлэхээс өмнө гар барин мэндчилсэн боловч хоорондоо үг солилцоогүй гэнэ.

Цагаан ордон болон Кремлийн аль аль нь хоёр талт хэлэлцээрийн үеэр Сири болон Украины хямралын асуудлаар ярилцана гэж мэдээлж байсан юм. Учир нь ОХУ болон АНУ Сирийн хямралыг шийдвэрлэх асуудлаар зөрчилдсөн хэвээр байгаа билээ.

 “Бид терроризмын эсрэг хамтран тэмцэх талаар ярилцлаа. Ямар ч асуудал тулгарсан хамтран ажиллах боломж үргэлж байдаг гэдэгт би итгэдэг” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлжээ. Харин Барак Обама уулзалтын талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Энэхүү уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хийх гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top