АНУ-ын Орегон мужийн Умпква коллежид өчигдөр зэвсэгт этгээд гал нээсний улмаас 13 хүн амиа алдаж, долоон хүн шархадсан байна. Портландаас 280 км-ийн зайтай алслагдмал оршдог тус коллеж 3000 оюутантай аж.
Халдлагыг 26 настай Крис Харпер Мерсер гэгч үйлдсэн бөгөөд тэрбээр буудалцааны үеэр алагдсан байна. Түүний халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа ч ийм зүйл хийнэ гэдгээ нийгмийн сүлжээгээр зарлаж байсан нь тогтоогджээ. Хэргийн газарт байсан оюутнуудын хэлснээр Крис Харпер Мерсер хүмүүсийг буудахаасаа өмнө газарт хэвтүүлээд, нэг нэгээр нь босгож шашин шүтлэгийг нь асууж байсан гэнэ.
Умпква коллежид гарсан халдлагатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийжээ. Тэрээр “Бид цаашид ганцхан залбирч суугаад хангалтгүй боллоо” хэмээгээд галт зэвсгийн тухай хуулийг чангатгахыг шаардсан байна.
Сэтгэгдэл ( 0 )