БНХАУ 2016 онд нүүрсний импортоо 25 сая тонноор бууруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 21

Хятад улс 2016 онд нүүрсний импортоо 25 сая тонноор бууруулах зорилт тавьж байна. Тус улс нүүрсний хэрэглээнээс татгалзах, цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болох бодлогын хүрээнд шат дараалалтай хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг нь энэ болж байна. Нийлүүлэгч орнууд Хятадын том зах зээлд нүүрсээ борлуулахын төлөө өрсөлдөж байгаа ийм үед тус  улс нүүрсний хэрэглээгээ бууруулж байна. Энэ оны эхний 3 улиралд Хятад нүүрсний импортоо 29.8 хувиар бууруулж, 156.36 сая тоннд хүргэсэн байна.

Хятадын Засгийн газар ойрын хэдэн жилдээ нүүрсний импортоо тодорхой түвшинд бууруулах зорилт тавьж, цаашид нүүрсний хэрэглээнээс бүр мөсөн татгалзах зорилготой байна. Хятад улс 2004 онд дотоодын эрэлт нь дээд цэгтээ хүрснээр нүүрсний импортоо нэмэгдүүлэх хүртэл дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч орнуудын нэг байсан юм.

Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын хүлэмжийн хий ялгаруулалт дээд цэгтээ хүрч, агаарын бохирдол нь дийлдэхээ больсон учраас цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжих гэж байна. Энэ үүднээс Хятадын эрх баригчид ирэх 5 жилд, жил тутамд цөмийн эрчим хүчний 6-8 цахилгаан станц байгуулж, 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 110 станцтай болох зорилт тавьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top